Сэжигтэй байгууллага:  Чингис хааны музейн барилгаас хүн унаж үхэх эрсдэл өндөр байна

Байгалийн түүхийн музейг нурааж суурин дээр нь Чингис хааны музей байгуулах шийдвэрийг өнгөрсөн онд /2019/ Засгийн газар 280 дугаар тогтоолоороо гаргасан. Улмаар 2020.04.02-ны өдөр музейн барилгыг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд музей нь 20500 мкв талбайг хамарсан,  есөн давхар байх юм.

Бид бүтээн байгуулалтыг нь шүүмжлэх гэсэнгүй. Харин жуулчдыг татах, Монгол улсын нэр хүндэд эерэгээр нөлөөлөх барилгыг барьж байгаа байгууллага өнөөдөр хариуцлагагүй байгаа талаар бид энэ удаад асуудал хөндөж байна.

Нийт 53 тэрбум төгрөгийн төсвөөр босож буй “Чингис хаан” музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн тус музейд Чингис хаантай холбоотой түүхийн үзмэрийн танхимуудаас гадна Монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлах бөгөөд Монгол Улсад төрт ёс бий болсон цагийн үзмэрээс эхлэн олон үзмэрүүдийг байрлуулах юм байна.

Байгалийн түүхийн музейг нураахаас эхлээд асуудал дагуулсан уг бүтээн байгуулалтын ажил алхам тутамдаа асуудал дагуулж байгаа.

  • Тухайлбал цутгалт хийхдээ тухайн орчмын нэг урсгалыг хэдэн цагаар хааж хийсэн.
  • Том оврын автомашинуудаар ажил хийлгэхдээ шөнийн бус өдрийн цагаар ажил хийлгэсэн.
  • Том оврын машины жолооч нар нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчих зэргээр олон алдаа дутагдал гаргаж байв.

Өнөөдөр барилгын ажил явагдаж байгаа. Харамсалтай нь уг барилгын ажлыг гүйцэтгэж байгаа байгууллагын зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлаг огт хангахгүй байгааг та дараах зургаас харж болно.

Ямар ч бэхэлгээгүй ийнхүү өндөрт ажиллаж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчиж байгаа хэрэг юм. Уг нь барилга бүрт ХАБ ажиллаж энэ мэт алдаа дутагдлыг гаргуулахгүй байх ёстой. Гэвч ХАБ ажлаа хийсэнгүй. Хэрвээ бэхэлгээгүйн улмаас сүлбүүлж эрүүл мэнд, амь насаа алдсан бол хэн хариуцлага хүлээх вэ?

Циркчид энэ төрлийн үзүүлбэр үзүүлэхдээ хүртэл бэхэлгээтэй ажилладаг байхад барилгын ажилчин ийнхүү эрсдэлтэй үйлдэл хийж байгаагаас үзэхэд барилгын чанраас эхлээд олон зүйлд эргэлзээ төрүүлж байгаа юм.

Бид хүний амь нас эрсдэж болзошгүй энэ үйлдлийн талаар Мэргэжлийн хяналтын газраас тодруулан зөрчилд ямар хариуцлага хүлээлгэх талаар эргэж мэдээлэх болно.