Э.Ууганцэцэг happy flowers llc /хүүхэд асрагч гэрийн үйлчлэгч зуучлах төв / цахим хуудаснаа “Үнэхээр урам хугарч шантарч байна…

Би яг яах ёстойн болоо

Яг юу хүсээд байгаан болоо ТЭД

Үнэхээр ойлгохгүй байна… ЯАГААД ???

Байх байхгүйн зовлонг үзэж хар багаасаа л хар бор ажил хийж амьдралтай тэмцэж ирсэн жирийн л нэг бүсгүй хүн. Ганц бие ээж хүн би. Жоншны уурхайд ажиллахаас эхлээд барилгын дараах цэвэрлэгээ, машин угаалга, зөөгч, хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч гээд л бүх төрлийн ажлыг хийдэг байсан. Надад сургалтын төлбөр байгаагүй. Онц сурдаг байсныхаа хүчинд солонгос компаниар 4 жилийнхээ сургалтын төлбөрийг төлүүлж МУИС-ийг програмист мэргэжилээр төгссөн. Хэдийгээр сургалтын төлбөрөө төлүүлсэн ч амьдрах байр ном сурах бичиг хувцас хэрэглээнийхээ төлбөрийг олохын тулд сурахынхаа хажуугаар айлын хүүхдийг асарч, гэрийг нь цэвэрлэж өгсөөр их сургуулиа төгссөн. Хүүхэд асрагчийн ажил миний амьдралын зайлшгүй нэг хэсэг. Би энэ ажлаар л хоолоо залгуулж өнөөдрийн зэрэгтэй яваа учраас өөр шигээ олон мянган эмэгтэйг энэ ажлаар дамжуулан ажилтай орлоготой байгаасай өсөж дэвжээсээ гэж хүсч их сургуулиа төгсөөд анх 23-хан насандаа 2013 онд компаниа байгуулж байсан.

Монголд огт байхгүй шинэ салбар. Бусдыг даган дуурайх хуулах ямарч боломжгүй. Өөрийнхөө айлд ажиллаж байсан туршлага дээр л үндэслэн ажлаа явуулдаг. Хууль эрх зүйн орчин байхгүй. Төрийн байгууллагууд нь энэ төрлийн үйлчилгээ байдгийг ч мэддэггүй. Бидэнд ямарч тусламж дэмжлэг байхгүй. Би зүгээр өөрийнхөө бор зүрхээрээ л энэ ажлыг хийдэг. Зөв бурууг нь үнэхээр мэдэхгүй байна. Гарч болох бүх эрсдлийг дангаараа би өөрийхөө нуруун дээр үүрч хүмүүст адлуулж дарамтлуулж байна.

Монголоос бусад орнуудад энэ төрлийн үйлчилгээ хуульчлагдсан байдаг. Бүгд хууль журмынхаа дагуу л явагддаг. Монголд ч бас тийм болчвол сайхан л байна…

Тиймээ би залуу хүн. Алдаж эндээд алдаанаа суралцсаар л явна.
Энэ төрлийн үйлчилгээ явуулах үнэхээр хэцүү. Олон зуун өөр өөрийн зан ааштай үзэл бодолтой ӨӨРИЙНХӨӨРӨӨ хүмүүсийн арга эвийг олж тааруулж харьцаж ажиллахад үнэхээр хэцүү байдаг. Түүний цаана байгаа хариуцлага гэдэг зүйлийг ухамсарлаагүй ажил хийж чадахгүй хүмүүсийг зохицуулж энэ ажлыг явуулах бүүүр ч хэцүү байдаг.

Манайд ажиллаж байгаад цалингаа авч чадаагүй эмэгтэйчүүд бий бий. Үнэнээ л хэлэе.

Тэд анх ажилд орохоор ирэхдээ учиргүй гоё юм ярьж ирдэг. Хэдхэн хоног ажиллаад л тэр нь өөрчлөгддөг, шантардаг, ажлаа хаяж явдаг, асуудал үүсгэдэг. Манай байгууллагад ажиллаад цалингаа авч чадаагүй гэж байгаа бүх хүмүүс асуудал гаргасан л хүмүүс байдаг. Ажлаа сайн хийж байгаа мундаг эмэгтэйчүүд нь цалингаа цаг тухайдаа аваад баяртай л ажилладаг.

Ажиллаж чадна чадна гэж ажилд орчоод ор сураггүй утсаа унтраагаад алга болох бол энгийн л үзэгдэл. Тэдгээр хүмүүс ажлаа хаяж явснаар үйлчлүүлэгч айлуудын маань төлөвлөсөн ажил нь цалгаргаж манай байгууллагад гомддог. Тэр айл дахин манайхаас үйлчилгээ авдаггүй. Бид их том хохирол амсаж муу нэр зүүгээд л үлддэг. Байгууллагын хохиролыг хэн ч төлдөггүй, үргэлж хохирсоор л байдаг. Бид ажлын хариуцлага алдсан хүмүүсийн сүүлийн 15 хоногийн цалин дээр л арга хэмжээ авч цалинг нь өгөхгүй явуулдаг.

Эрүүл мэндийн шинжилгээн дээр асуудал үүсч байсан нь үнээн. Манайх анх ажилчидаа дүүргийнхээ эмнэлэг дээр шинжилгээ өгөөд ир гэдэг байсан. Харин тэр дүүрэг дээр нь үнэн шинжилгээ авдаггүй байсныг сүүлд мэдсэн. Хүмүүс ажилд орох гэж байгаа гээд зүгээр л цагаан хуудас бичүүлээд ирдэг байсын байна лээ. Бид дүүргийн эмнэлэгийн цагаан хуудсанд итгээд л хүмүүсээ ажилд авдаг байсан. Тэрийг тийм худал гэдгийг төсөөлж ч байгаагүй. Харин сүүлд мэдээд хувийн лаборотортай гэрээ байгуулаад бүх ажилчдаа гэрээтэй эмнэлэгтээ шинжилгээ өгүүлдэг болсноор энэ асуудал сайжирсан.

Надад үнэхээр гишгэх газар амьдрах орон зай үлдэхгүй юм шиг байна. Аймшигтай их доромлолууд ирж байна. Би яах учраа мэдэхгүй үнэхээр айж байна.

Зүгээр л бууж өгөхийг хүсч байвч намайг хараад та чаднаа хэдүүлээ хүчтэй байна шүү даваад гарнаа гэж надад итгэл хүлээлгэж байгаа ажилчидаа бодохоор үнэхээр чадахгүй байна.

Надад хүнээс илүү юу ч байхгүй ээ. 8 жилийн туршид тасралтгүй хөдөлмөрлөж байж авсан ипотекийн 8 хувийн зээлтэй 2 өрөө байр, унаж байгаа машин 2 минь л байна.

Одоо манайд ажиллаж байгаа олон эмэгтэйчүүд ажилгүй болчихвий гэхээс үнэндээ айж байна.

Үнэхээр хүүхэд гэмтээсэн бол би өөрөө хариуцлагаа үүрээд ял шийтгэлийг нь авмаар байна. Ажилчдаа хохироомооргүй байна

Энэ олон хүмүүсийг талцуулж сэтгэл санааг нь чилээж байгаадаа үнэхээр их харамсаж байна.

Маш их юм бичихийг хүсэвч үнэндээ толгой минь яг одоо тийм ч сийрэг ажиллахгүй байна.

Манай байгууллагын үйл ажиллагаа доголдож байна… Өнөөдрийн байдлаар 10-аад эмэгтэй ажилгүй болоод байна. Үнэхээр харамсалтай…

Үнэхээр энэ байгууллагыг дампууруулахыг яагаад тэгтлээ хүсээд байгаан бол???
Энд ажиллаж байгаа энэ олон эмэгтэйчүүдийг та нар үргэлжлүүлээд ажлын байраар хангаж чадах юм уу???

Өмнө нь манай байгууллагаас үйлчилгээ авч байсан, одоо үйлчилгээ авч буй, цаашид үйлчилгээ авахаар төлөвлөж байсан бүх харилцагч нараасаа уучлал гуймаар байна.

Уучлаарай

Бид алдаанаасаа суралцаж үйлчилгээгээ сайжруулна гэдгээ амлаж байна.” хэмээсэн байна