Архираад байдаг Аса аварга маань Улсын циркийн байшинд агуу засвар хийж, 11 сарын 15 гэхэд ашиглалтанд оруулна гэдгээ Монголын үндэсний цирк гэдэг шошготой мэдэгдлээр илэрхийлжээ. Энд ганцхан байшин сав яриагүй юм аа.

Улсын цирк 80 жилийн ойгоо сул шороо бургиж, сул салхинд дэрвэсэн даавуун асарт хийснийг бүгд мэднэ. Таагүй, хүнд орчинд бие халаалт гэх юмгүйгээр шүд зуун тоглолт хийсэн циркийн жүжигчид үнэн хэрэгтээ сүүлийн 13 жил энэ урлагийг нуруундаа үүрч яваа болохоос Аса эзэмшилдээ аваад ууш түрээсийн газар болгочихсон энэ байшинд алиалагчийн инээд, акробатчиний амь дүйсэн үзүүлбэр сонсогдохоо болиод удсан. Хувьчлалын асуудал хөндөн нийгмээрээ шуугиж, хэдэн циркчид нь хэл ам хийсний хүчинд 13 жилд хоёр, гуравхан удаа тоглолт болсон байдаг юм. Нэг үгээр хэлбэл Монголын төр гэрийг нь хурааж нэг бөхөд өгчихөөд л хэдэн муу хүүхдээ амьдар, ажилла гээд тулгаад байгаагаас өөрцгүй алхам хийсэн нь энэ юм. Орон гэргүй болсон циркчид Асагийн хамгаалагчдад хөөгдөж, ажилдаа хайртайн эрхээр асар майханд толгой хоргодож яваа нь үнэн шүү дээ. Циркийн урлагаа шороотой гудамжинд гаргаж хаячихаад ах дүүсээрээ аархаж авсан байшингаа түрээслүүлээд явж байх нь өөрөө ямар ч эрүүл хүний ухаанд багтахгүй увайгүй үйлдэл. Румыний тусламжаар 1970 онд баригдсан энэ хөх асрын тайз, шалны шахалт, тоноглол, хана туурга бүгд циркийн үзүүлбэрүүдэд тавигддаг шаардлагыг хангаж, технологийн дагуу хийгдсэн. Бухарестад боссон яг адилхан ийм цирк 60 жил хэвийн ажиллаж байна. Гэтэл манайх яав, хүүхдүүд цуглах дуртай хөх асрыг циркийн урлагаа гудамжинд гаргаж байгаад ах дүү аюулуудад атгуулчихаад орох ч эрхгүй, очоод авч ч чадахгүй бухимдаж байна. Нөгөө архираад байдаг Аса аварга маань үе үеийн циркчидийн өвдөг сөгдөн мөргөдөг алтан манежийг нь нураан ачуулж байна.

Циркийн урлагийг 13 жил гудамжинд золбируулж, шороо бургисан даавуун майханд 80 жилийн ойг нь хийлгэчихээд одоо гийгүүлнэ л гэнэ дээ. Дахин засаж босголоо гээд халаасандаа хатуу, тоолдогтоо том, төрд хувийн төлөөлөлтэй энэ хүн циркчдэд боломж олгох уу? Амьтадтай нь, агуу үзүүлбэрүүдтэй нь Циркийн урлагийг засч янзалсан байшиндаа нүүлгэж оруулаад, хөх дэлхийд гайхуулдаг үзүүлбэрүүдийг нь хөгжүүлээд босгоод ирэх үү? Цаашдаа энэ байшин Асагийн эзэмшилд хэвээр үлдэх үү? Ууш, угаалгын газар, машин сэлбэгийн хар зах хэвээр хоцрох уу? Нөгөө циркчид хаачих уу, циркийн урлаг яах уу? Гудамжинд лааз өшиглөөд, гунигт төгсгөлөө хүлээх үү? Эсвэл ардын циркээ ах дүүст дээрэмдүүлсэн төр дахин Циркийн ордон барьж өгөх юм уу? За би нэг л үнэнийг хэлье.

Хувьчлалаас хувь хүртмээр байсан юм бол урлагийн алтан өргөөнд нь бус, ууш идэшний газарт анхнаасаа шунахгүй яасан юм? Нэг нь хувьчилсан нэртэй өгч, нөгөө нь алдар гуншингаа дуудуулан аваад гай болсон уу гэхээс гавъяа байгуулсангүй. Циркийн урлагийг өөд татах гэсэн хүн ерөөс биш, цэнхэр дээвэртэй байшинд нь л шунасан Аса гэдгийг нь 13 жилийн турш түмэн олноороо харлаа. Засвар хийж байгаа гэсэн заавар тараажээ. Уншлаа, урьдын байрандаа улдаад үлдэж байгааг харлаа. Ардын төр, архирдаг аварга хоёрын дунд эзэнгүй гөлөгнөөс ч дор золбироод байгаа циркийн урлагаа цаашид яах уу? Үүнд хувьчлаад авсан Аса та хариулна уу, хувьчлаад өгсөн төр шийдвэрээ дуулгана уу? Өөрөөр бол асуудал шийдэгдэхгүй, циркийн урлагийг мөхөлд хүргэж буй Асагаас хожим үр хүүхэд нь ч энэ асуултыг асуух болно. Байшинг нь буулгасан чинь тэр нь өөрөө урлаг, үүд довжооноосоо эхлээд алтан манеж, амьтад, жүжигчид бүгд хамтдаа урлаг байсан гэдгийг энэ хүнд хэлээд өгөөөөөч.

Эмүжин