Монгол улсын хөгжлийн банк бол төрийн өмчид аж ахуйн нэгж. Монгол улсын төсвийн “зүсээ хувиргасан” хэлбэрээр санхүүждэг байгууллага. Тэр ч утгаараа татвар төлөгч та бидний мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулж байгаа эсэхэд бид анхаарал хандуулж, иргэний хяналт тавих үүрэгтэй.

Монгол улсын хөгжлийн банк өнөөдөр иргэдийн мөнгийг үр ашиггүй шахам зарцуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн бөгөөд Хөгжлийн банкны хүсэлтээр тухайн мэдээллийг сайтаасаа авсан.

Энэ удаад бид Хөгжлийн банк нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмждэггүйн нэгэн жишээг хүргэж байна.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна.” Гэж заасан байдаг. Хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол татвар улсдаа төлнө гэж заажээ.

Гэтэл өнөөдөр Хөгжлийн банканд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаггүй бөгөөд сар бүр Чингэлтэй дүүргийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 8 – 12 САЯ төгрөг тушаадаг байна.

Зураг

Тодруулбал 2020 оны

· 01-р сард 9 785 734 төгрөг

· 02-р сард 9 430791 төгрөг

· 03-р сард 9 412 000 төгрөг

· 04-р сард 9 812965 төгрөг

· 05-р сард 12 574 666 төгрөг

· 06-р сард 10 052 727 төгрөг

· 07-р сард 10 455 172 төгрөг

· 08-р сард 9 030 774 төгрөг

· 09-р сард 8 797 757 төгрөг тус тус Чингэлтэй дүүргийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тус тус тушаасан байна.

Хэрвээ хөгжлийн банк хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмждэг байсан бол ийм хэмжээний мөнгөн төлбөр төлөхгүй байв. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилтай орлоготой байх боломжтой байв. Гэвч Хөгжлийн банкнаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжихийг урьтал болгосонгүй. Сар бүр 8-12 сая төгрөгийн төлбөр төлж байгаагаас харж болохоор байна.