Дэлхий нийтээр “Ковид-19” цар тахлын 2 дахь давалгаанаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа энэ цаг үед манай улсын хувьд ч гэсэн хөдөө орон нутгийн шуурхай штабын баг бүрэлдэхүүн хэсгүүдийг чадавхижуулах цогц сургалтыг 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн. Тодруулбал Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах орон нутгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхижуулах, байнгын бэлэн байдлыг хангуулах сургалтыг зохион байгуулж практик сургуулилтыг тогтмол хийж хэрэгжүүлж байна.

Ажлын хэсэг өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн Баян-Өлгий, Ховд, Увс, Булган, Хөвсгөл, Орхон аймгуудад ажилласан бол өнөөдөр Хэнтий аймагт хоёр өдрийн сургалтаа зохион байгуулж аймгийн Шуурхай штабын баг бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

Хэнтий аймаг нь Ажлын хэсгийн сургалт хийж буй 7 дахь аймаг юм. Тус аймаг нь газар зүйн байрлалаасаа хамааран Дорнод, Сүхбаатар аймгуудаар дамжин өнгөрч буй хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөн ихтэй бөгөөд корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 3 удаагийн салбар дундын эрсдэлийн үнэлгээ хийхэд “Дунд магадлалтай” эрсдэлтэй гарсан байна. Энэ тохиолдолд аймаг, нийслэлийн мэргэжлийн багууд идэвхижиж байнгын бэлэн байдлыг хангаж ажиллах зөвлөмжтэй. Сургалтаар коронавируст халдвартай тэмцэх, сэргийлэх удирдлагын тогтолцоо, хяналт, эрсдэлийн үнэлгээ, түүний харилцаа холбоо, олон эх сурвалжит мэдээллийн тандалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, хавьтлын судалгаа, хилийн нэвтрэх цэгийн хяналт зэрэг олон сэдвээр мэргэжлийн байгууллагууд сургалт, илтгэл практик сургуулилт зэргийг хослуулан явууллаа.

Хоёр өдрийн сургалтанд Хэнтий аймгийн ЗДТГ, МХГ,ОБГ, АЭМГ, Сум дундын штаб, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд болон холбогдох 120 гаруй мэргэжилтэнүүд хамрагдаж байна. Мөн тус аймгийн 18 сум, 4 тосгоны онцгой комиссын 80 орчим алба хаагчид цахимаар сургалтанд оролцлоо. Шадар сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсгээр ахлуулсан баг ЭМЯ, УОК, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ДЭМБ зэрэг байгууллагуудын мэргэжилтэнүүдээр багаа бүрдүүлжээ.

Дараагийн сургалтыг Дорнод, Сүхбаатар аймгуудад зохион байгуулна гэж Ажлын хэсгээс мэдээллээ.