Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт, “Бадрах Энержи” компанийн ураны үйлдвэр орчимд судалгаа, шинжилгээ хийхээр ЗГХЭГ-аас томилогдсон Ажлын хэсэг аравдугаар сарын 5-нд дүгнэлтээ танилцуулсан. Ажлын хэсэг нь “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй хэмээн дүгнэсэн. Харин энэ үеэр ажлын хэсэгт багтсан МХЕГ-аас Улаанбадрах сум орчмын гүний худгууд дахь зарим хүнд металлын хэмжээ байгалиасаа өндөр гарсныг хэлсэн юм. Хөрс, усны шинжилгээ, судалгааны ажлын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэгтэй ярилцлаа.

-ЗГХЭГ-аас томилсон ажлын хэсэгт МХЕГ орж ажилласан. Ямар шинжилгээ, судалгаа хийсэн талаараа товчхон танилцуулна уу?

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 131 дүгээр тушаалаар томилогдсон гуравдугаар дэд ажлын хэсэг нь хөрс, ус бохирдуулсан эсэхийг тодорхойлох зорилгоор БОАЖЯ, МХЕГ, Стандарт, хэмжил зүйн газар, Хими, химийн технологийн хүрээлэн, Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Геологийн төв лабораторийн мэргэжилтэн, мэргэжлийн судлаачид, эрдэмтэн хамтран ажилласан.

Улаанбадрах суманд ”Бадрах энержи” компани 2011 онд газар доор хүхрийн хүчлээр уусгалт хийх туршилтыг явуулсан, үүнээс хойш туршилт, олборлолт явуулаагүйг та бүхэн мэдэж байгаа. Манай ажлын хэсгийн зорилго 2011 онд явуулсан туршилтаас ус, хөрсөнд ямар нэг нөлөөлөл үүссэн эсэхийг тогтоох, ер нь энэ бүс нутгийн хөрс, усны суурь нөхцөл ямар байгааг тогтоох зорилгоор дээжүүдийг авч, Геологийн төв лаборатори, Хан лаб, SGS олон улсын сүлжээ лаборатори, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнд зэрэгцээ шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээг олон лабораторид зэрэг хийлгэдэг нь шинжилгээний үнэн бодит байдлыг хангах зорилготой байсан. Одоо манай улсад ажиллаж байгаа лабораториуд нь нарийн мэдрэмжит багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, чадавхи сайжирсан нь харагдсан.
Туршилт явуулсан Өмнөдийн талбайгаас 12-85 км зайд орших нийт 16 худгийн уснаас дээж авсан. Эдгээрийн 2 нь 12 км-т, 5 нь 27-40 км-т, 9 нь 46-85 км-ийн зайд байсан. Энэ хавьд гадаргын ус байхгүй, туршилтын талбайгаас 10 гаруй км-т ганц ил задгай булаг байдаг. Энэ Баруунбаян булаг нь зуны улиралд заримдаа ширгэчихдэг, ус ихтэй үед эх адаг нь мэдэгдэхгүй болтлоо их талбайтай болчихдог булаг байгаа.

Хөрсний тухайд мөн Өмнөдийн туршилтын талбай, Зөөгч овоо туршилтын үйлдвэр, Гүнсухайтын худаг, Модон шандын худаг, Баруунбаян булаг, Цэрэндулам, Ариунболд гэдэг малчин айлуудын гаднаас нийт 11 дээж авсан.

Уран хамгийн ихээр агуулж байгаа Гүнсухайтын худаг туршилтын талбайгаас 23 км, Дэнгийн усны худаг 50 км, Өвгөн мод 25 км-ийн зайд байгаагаас харахад энэ бүс нутаг байгалиасаа буюу геологийн тогтцоороо ураны агууламж өндөртэй байгаагаас газрын доорх ус уран ихээр агуулж байгаа нь харагдаж байна.

Хүн малын ундны усны зориулалтаар ашиглаж байгаа худгийн усны хувьд Гүнсухайт, Цэвүүн-1, Цэвүүн-2, Цагаан эргийн гэсэн дөрвөн худгийн ус маш хатуу, эрдэсжилт өндөртэй, сульфат, хлор, кальц, магнийн агуулга ундны усны стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс их, заримд нь бүр 2-3 дахин их гарсан. Гүнсухайт, Дэнгийн ус, Өвгөн мод худгийн усанд уран зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.4-11 дахин их, Гүнсухайт, Цагаан эрэг, Цэвүүн-1, Цэвүүн-2 худийн усанд стронци зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.5-3 дахин их, Наймаа, Булаг шанд, Гүнсухайт, Хонгорын ус, Өвгөн модны худгийн усанд хүнцэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 40%-80% -иар их гарсан.

Уран хамгийн ихээр агуулж байгаа Гүнсухайтын худаг туршилтын талбайгаас 23 км, Дэнгийн усны худаг 50 км, Өвгөн мод 25 км-ийн зайд байгаагаас харахад энэ бүс нутаг байгалиасаа буюу геологийн тогтцоороо ураны агууламж өндөртэй байгаагаас газрын доорх ус уран ихээр агуулж байгаа нь харагдаж байна.
Туршилтанд хүхрийн хүчил ашигласнаас хүхрийн хүчлээр хордож байна гэсэн яриа их байгаа. Тэгвэл хүхрийн хүчлээр ус бохирдвол ус хүчиллэг болж, рН нь буурах, сульфатын ионы хэмжээ нэмэгдэх ёстой. Шинжилгээ хийсэн бүх худгийн усны рН 7-8 буюу сул шүлтлэг байсан (шүлтлэг чанар нь хүчиллэг чанарын эсрэг үзүүлэлт юм). Сульфатын ион их буюу 2.3 дахин их илэрсэн Гүнсухайтын худаг л туршилтын талбайгаас 23 км-т байна. Эндээс харахад хүхрийн хүчлээр газрын доорх ус бохирдсон гэх үндэслэл харагдсангүй.

Булаг гэдэг нь хөрсний ан цаваар гадаргад гарч ирсэн газрын доорх усны илэрц юм. Ганц байгаа Баруунбаян булгийн ус маш их эрдэсжилтэй, “маш их хатуулаг”-тай, органик бохирдол ихтэй, булингартай, магни, сульфат, хлор, стронци, ураныг ундны усны зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-25 дахин их агуулж байгаа нь энэ булгийг тэжээж байгаа газрын доорх ус эдгээр ионуудыг ихээр агуулж байна гэсэн үг. Газрын доорх ус байгалиасаа ийм байгаа нь хөрсний чулуулаг эдгээр элементүүдийг агуулсан эрдсээс тогтож байна гэж ойлгож болно.

Хөрсний хувьд зөвхөн хүнцэл хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартын үзүүлэлтээс их гарсан, бусад элемент нь зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. Өмнөдийн туршилтын олборлолт хийсэн талбайд зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа хэдий ч түүнээс ердөө 11 км зайд байрлах Баруунбаян булаг мөн 50 км-т орших Модон шанд худаг зэрэг газрын хөрсөнд 2 дахин их хүнцэл байгаа нь энэ нутгийн хөрс байгалиасаа хүнцэл ихтэйг харуулж байна.

-Байж болох хэмжээнээс ийм их өндөр байгаа нь хүний болон малын эрүүл мэндэд яг ямар нөлөө үзүүлэх вэ?

Хатуулаг өндөртэй усыг удаан хугацаанд унданд ашиглавал зүрх судас, бөөрийг өвчлүүлэх, бүр үхэлд хүргэх ч аюултай. Тиймээс дээрх худгуудын усыг хүн, малын ундны усны хэрэглээний зориулалтаар ашиглахгүй байх, ашиглах тохиолдолд цэвэршүүлж ашиглах шаардлагатай.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжинд удаан хугацаанд уран агуулсан ус хэрэглэснээс бөөрийг өвчлүүлдэг гэсэн байгаа бөгөөд ураны өдөрт авч болох тунг 1-4 µг/өдөр гэж тогтоосон байна. Тэгэхээр ураны агууламж хамгийн өндөр илэрсэн 0.33 мг/л худгийн усыг 1 хүн өдөрт 2 л ууна гэж үзвэл, 0.66 мг буюу 660 µг болно. Энэ нь өдөрт авах тунгаас 660 – 160 дахин их байна гэсэн үг юм.

Хүнцэл бол мэдрэлийн системд нөлөөлдөг, уушиг, арьс, элэг, бөөр, цус, түрүү булчирхайн гэх мэт олон төрлийн хавдар үүсгэдэг онцгой хортой бодис. Хүнцлийн нөлөөлөлд өртсөн тохиолдолд илэрдэг гол шинж тэмдэг бол арьсан дээр толбо үүсэх.

Иймээс шинжилгээгээр стандартаас олон дахин давсан үзүүлэлттэй худгийн усыг байнга хэрэглэж болохгүй гэдгийг ард иргэд сайн ойлгох хэрэгтэй.

-Уран болон бусад хүнд металл зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь геологийн тогтоцтой холбоотой гэж дүгнэсэн байсан. Тэгэхээр энэ нь манай орны ураны орд бүхий бусад газарт ижил байх магадлалтай гэсэн үг үү?

Газрын доорх ч бай, гол нуур, булаг шандын ус л бол ууж болдог стандартын ундны ус байдаггүй. Монгол орны хувьд хүнцэл гэх мэт хүнд металл, фтор, бор зэрэг элемент ихээр агуулсан ус их байдаг, ялангуяа говийн бүсэд. Монгол орны ус ураны агуулга харьцангуй ихтэй байгааг эрдэмтэд тогтоосон байдаг.

-Ажлын хэсэг дүнгээ танилцуулахдаа “Уранаас шалтгаалж хүн, малын эрүүл мэнд, байгаль орчин хүндэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй” гэдгийг хэлсэн. Гэвч зарим нэг ТББ-ынхан энэ дүгнэлтэд төдийлөн итгэхгүй байгааг сэтгэгдлүүдээс харж болохоор байгаа. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?

Өмнө нь 2013 онд Засгийн газрын 47 дугаар тогтоолоор яг ийм томоохон бүрэлдэхүүнтэй, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг багтаасан ажлын хэсэг байгуулагдаж, газар дээр нь хяналт, шалгалт хийсэн байдаг. Уг судалгаагаар яг л ийм хариунууд гарсан.

Төрийн байгууллагынхан тэнд компанийн нөлөөнд автана гэсэн ойлголт байхгүй. Ялангуяа, хөрс, усны дэд ажлын хэсэг дээжүүдэд хийсэн итгэмжлэгдсэн лабораториудынхаа шинжилгээний үр дүнг харьцуулснаар дүгнэлт гаргаж байгаа.

Харьцуулсан судалгаа гэж онцолж байгаагийн учир нь нэг булгаас хоёр дээж аваад итгэмжлэгдсэн хоёр өөр лабораторид ижил үзүүлэлтээр өгөхөд лаборатори хоорондын хариуны зөрүү маш бага гарсан.

-2013 онд байгуулагдсан ажлын хэсэг шинжилгээнүүдийнхээ хариу, дээжүүдээсээ БНСУ-руу давхар явуулж, дүнгүүдээ нягталсан юм билээ. Энэ удаа гадаад руу шинжилгээний хариуг баталгаажуулахаар явуулах уу?

Тэгэх шаардлагагүй. 2013 оны тухайд лабораториудын хүчин чадал тааруу, хар тугалга гэгчлэн цөөхөн элемент үзэж байсан бол энэ удаа хөрс, усны чиглэлд өндөр мэдрэг багаж ашиглаж, илүү нарийвчлалтайгаар 20 гаруй элементийг шинжилсэн. Тиймээс гадагш явуулах шаардлагагүй.

-Баруунбаян булгийн усыг ашиглахгүй байх зөвлөмж өгсөн байсан. Энэ нь яг юу гэсэн зөвлөмж вэ?

Баруунбаян булгийн ус нь байгалиасаа маш их хэмжээгээр магни, хлор, сульфат уран, хүнцэл агуулсан тул хүн ам, мал аж ахуйд хэрэглэхэд нэн тохиромжгүй. Энэхүү булгийн уснаас мал уусан тохиолдолд туулгах буюу үхэлд хүргэх ч аюултай. Иймээс хашиж хамгаалах шаардлагатай тухай зөвлөмжийг компани болон орон нутагт нь өгсөн.

Компанийн тухайд эдгээр хөрс, усны үзүүлэлт тус компанийн олборлолттой холбоотой бус, геологийн эрдэсжилттэй холбоотой учир нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын үндсэн дээр ойр орчмын гүний худгаа цэвэршүүлэx, ашиглахгүй байх, Баруунбаянгийн булгийг хашаажуулах шаардлагатай гэдэг зөвлөмж л өгч байгаа.

Ерөнхийдөө газрын доорх усны хяналт мониторингийн хөтөлбөрт дээр дурдсан худаг, булгийн усыг тогтмол хамруулж, шинжилгээний үр дүнг сав газрын захиргаа болон холбогдох төрийн захиргааны байгууллагуудад улирал тутам хүргүүлж байх, уран болон хүнцэл зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулсан Гүнсухайт, Хонгорын ус, Дэнгийн ус, Өвгөн мод, Цагаан эрэг, Наймаа, Булаг шандын худгийн усыг цэвэршүүлж ашиглах, Баруунбаянгийн булгийн усыг хашиж хамгаалах арга хэмжээг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлэх боломжтой гэж зөвлөсөн.