Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчлэх зорилгоор хэрэгжиж буй “Зүрх мартахгүй” төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын хамт олон нэгдлээ. Энэ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй ажил юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК -ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан тэргүүтэй албаны хүмүүс төсөлд нэгдэж байгаа талаар энэ сарын 22-ны өдөр санал солилцсон юм. Энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат хэлэхдээ “Энэ жил манай компанийн 10 жилийн ой тохиож байна. Уг ойг тохиолдуулаад манай газрын ажилтнууд өөрсдийн цалингаас та бүхний эхлүүлсэн төслийг боломжоороо дэмжихээр шийдвэрлэсэн. Маш чухал ажил эхлүүлсэн та бүхэнд баяр хүргэе” гэлээ.

Дэлхий даяар шинээр төрж буй 100 хүүхэд тутмын нэг нь зүрхний төрөлхийн гажигтай төрдөг байна. Энэ оны 5-р сараас хэрэгжиж буй “Зүрх мартахгүй” төсөлд одоогоор 48 хүүхэд хамрагдаж 100 хувь эрүүл болжээ. Төслийг хэрэгжүүлэгчид энэ жил 50, ирэх онд 100, 2026 он гэхэд 1000 хүүхдэд хагалгаа хийхээр төлөвлөсөн талаар “Сонгдо Улаанбаатар” эмнэлгийн захиргаа хариуцсан захирал Л.Баасансүрэн ярьсан юм. kk

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 500 гаруй иргэн, аж ахуйн нэгж хагас тэрбум төгрөгийн хандив өргөөд байгаа аж. Энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын хамт олонд талархал илэрхийлээд, цаашид хамтран ажиллахыг хүслээ.