Нинжжамц хөөрхөн үү, хөөрхөн. Царайлаг уу, царайлаг. Аж ахуйд менежмэнт сайтай юу, сайтай. МҮОНТВ цэцэрлэгтэй болж, ашигладаггүй өрөө тасалгаагаа засч тохижуулсан. Англи хэл дээр цацдаг сувагтай болсон.

Гэвч одоо бол зүрхээрээ шатаж, сэтгэлээрээ жигүүрлэж бүтээдэг, уран бүтээл, уран бүтээлчдийн тухай яригдаж байна. Бас тэдний хасагдаж танагдсаар байгаа цалин, нөгөө талд нь өсч нэмэгдсээр байгаа захирлуудын хуйвалдааны гэмээр урамшуулал, хэдэн саяын цалингийн асуудал хөндөгдөж эхэллээ.

Тухайлбал МҮОНТВ-д 30 жил ажиллаж байгаа нэвтрүүлэгч Гантигмаа нөхрийнхөө хамт сая хүрэхгүй цалин авдаг. Гэтэл хэдэн сар сул зогссоны эцэст тэдний цалин дахин 20 хувь хасагдсан байх юм. Хоёулаа нийлээд сард 700 мянга орчмыг авдагаа ч ил тод хэллээ. Цалингийн зээлээ ч төлж чадахгүйд хүрснээ өөрөө тодорхой бичсэн байна. Түүнтэй адил уран бүтээлч энэ телевизэд хэдэн арваараа бий. Үүний нөгөө талд хатагтай Нинжийн 2020 оны есдүгээр сар хүртэл МҮОНТВ-ээс авсан цалин ба ээлжийн амралт зэрэг нийт 44,7 сая, түүнээс үр дүнгийн урамшуулал 18,0 сая төгрөг.

Хамгийн сэтгэл өвтгөмөөр нь МҮОНТВ-ийн сэтгүүлч уран бүтээлчид амьдралд хүрэлцдэггүй цалингийн асуудлаасаа илүү тус байгууллагад тогтсон дарамт, тагнаж чагнадаг байдал, бүх өрөө, хөшигний арыг хүртэл камержуулж, давхар бүрийг цоожтой хаалгаар тусгаарласан шорон гэмээр нөхцөл байдалд эгдүүцэж буйгаа шударгаар илэрхийлж байна. Дээр нь нэмээд Цаг үе үйл явдал зэрэг мэдээллийн нэвтрүүлгүүд захирлуудынх нь захиалгаар дүүрдгийг илчиллээ. МҮОНТВ хоёр том багийг толгой дээрээ тэжээдэг. Нэг нь Захирлуудын зөвлөл.

Нинжийн цүнх баригчид гэсэн үг. Нөгөөх нь Үндэсний зөвлөл. Бүтэц тогтолцооны хувьд олон нийтийн байгууллага гэдэг утгаараа Үндэсний зөвлөлтэй болоод удаж буй боловч гайг нь ч харсангүй, гавъяаг нь ч үзсэнгүй. Захирлуудын зөвлөлийнхөн нэлээдгүй өндөр цалинтай, нэмүү өртөг ихтэй хүмүүс. Тэгвэл нөгөө талд нь телевизийн ажлын хүндийг нугалж, хүйтнийг үүрдэг сэтгүүлч, уран бүтээлчид нь уйлмаар бага цалинтай, улдмаар хэцүү амьдралтай. Өдөр шөнө, баяр ёслол гэлтгүй ажиллаж байдаг. Унааны мянган төгрөг нэгнээсээ зээлнэ шүү дээ. Энэ тохиолдолд хатагтай Нинжийн хөөрхөн байх нь хэнд ч хамаагүй болоод явчихлаа.

За хамгийн их анхаарал татаж байгаа нэг асуудал нь нөгөө хөөрхөн эмэгтэй маань хөшигний арыг хүртэл муухай камержуулсан гэж байгаа. МҮОНТВ-д ярилцлага өгөхөөр, нэвтрүүлэгт орохоор очсон, очих гэж байгаа бүх хүний дэл сул яриа бичигдэж үлдсэн, үлдэнэ гэсэн үг. Энэ бичлэгүүд цаашид юунд ашиглагдах вэ? Хэн нэгэн улстөрчийн ард түмнээ бассан эвгүй яриа эндээс гэнэт гараад ирж болзошгүй болж таарлаа. С.Баярын үед Засгийн газрын хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан энэ эмэгтэй сүүлд нь Өглөөний сонин гэдэг ягаан хэвлэл эхлүүлсэн. Үүгээрээ дамжуулан Өдөр тутмын сонинуудын холбоо, сэтгүүлч эмэгтэйчүүдийн Даймонд клубыг бий болголцсон.

Эл хоёр холбоо болон клубынхан жил бүр хэн нэгэн улстөрч гишүүнээр зардлаа даалган Гонконг зэрэг оронд багаараа аялдаг, шоппинг хийх мөнгөө ч бас улстөрчдөөс эвийг нь олоод татчихдаг, брэндээр амьсгалж, бэлчээрээ сунгадаг бүсгүйчүүд голдуу хүмүүс бий. Тэдний 1400 долларын брэндийн нүдний шил, уйдаад дүүдээ өгөх гэж байгаа брэндийн цүнхний төлөө нөгөө хэдэн навсгар сэтгүүлчид маань хэдхэн төгрөгний цалингаар ажилладаг гэж бодохоор ээ мөн хэцүү хорвоо, хэлхэлдсэн халаас шүү. Хуйвалдааны бүлэглэл, захиалгат сэтгүүлзүйн голомт гэж шууд хэлж болно. Гишүүн Ж.Мөнхбат бүгдийнх нь зардлыг төлөөд Азийн нэг орон руу багаараа аялж ч байсан. Энэ эмэгтэйчүүдийн хоёр нь одоо телевиз удирддаг. Тэдний нэг нь Нинж. Дороо бас нэгийгээ татсан байна билээ.

Тэгэхдээ тухайн улстөрч гишүүдийг бүтэн жил шүүмжлэхгүй, аливаа идэш уушных нь баримт энэ тэрийг нь хэвлэн нийтлэхгүй гэх маягийн тохироотой. За энэ мэтийн ашиг сонирхол Нинжтэй хамт МҮОНТВ-д очсон ч биз, оч хаясан ч биз. Хамгийн гол нь сонины ажил эрхэлж явсан хүн дэлгэцийн урлаг, дэлгэцийн оюун санааны менежмэнтийг удирдана гэдэг худлаа. Сандал ширээ будах, өрөө тасалгаагаа тохижуулах, цэцэрлэг нээх энэ тэр бол аж ахуйн сайн менежэрийн хийх ажил. Уран бүтээлийн менежмэнт бол өөр. Уран бүтээлчийн тархи, зүрхийг залж чиглүүлж, оюун санааны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг бүр өөр.

Тэгэхээр энэ удаа Нинж ажлаа чаддаг, мэддэг хүнд нь, хийсэн ажил, алхсан алхам болгоноосоо ашиг унац хараад байдаггүй, харсан ч бага хардаг шуналгүй хэн нэгэнд өгөх нь зөв дөө. МҮОНТВ-ийн нэрээр хийгээд байгаа кинонуудынхаа дундаас хэдэн төгрөгийн цавчаа хийдгийг нь илчилнэ гэж нэг уран бүтээлч нь хэлж сонсогдсон. Сэтгүүлч сурвалжлагчид нь хагархай батерей, цуурхай микрофонтой сурвалжлаганд мордож, үерийн далан дээр гэрээ барьчихаад, урсгаж алдаад, хамт олон нь 3000-5000 төгрөг бие биенээсээ зээлэн хандивлаад нүүлгэж байхад захирал хатагтай хэдэн брэнд сольж бариад, солонгоруулж зүүгээд яах вэ дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан.

Нинжийн таргалсан, нийт ажилчдын турсан хоёр яг тэнцэнэ. Тэмцэл нь үр дүнд хүрэхгүй бол хоёр, гурваар тогтохгүй хүн өлсгөлөн зарлахаар бэлтгэж эхэлсэн мэдээлэл ч бий. Сөрөг пост болгоныг устгуулж, сөрж зогссон болгоныг адална гэж байхгүй л дээ. МҮОНТВ-ийн 800 ажилтан нэгэнт хөдлөөд эхэлсэн байна, зогсох ч үгүй биз. Чухам олон хүний хардаж байгаачлан Нинжжамц хатагтай хөшигний ард байрлуулсан камерний бичлэгээрээ барьцаа болгож нөгөө хэдэн шийдвэр гаргагчдыг нам базаж, тас намжирддаггүй л юм бол нэртэй төртэй нэмнээ нэхийгээ тайлсан нь дээр дээ. Өө тэгээд намайг хардаад байв даа, би энэ мэтийн удирдах ажлаас орь залуудаа ч зугтаж явлаа, одоо ч зугтана, хойшид ч зугтах болно. Учир нь цүнх барьж, цүнхээ бариулж ч чаддаггүй юм, миний тэнэгхэн бардам сэтгэл.

Р.Эмүжин