Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа хорооллын урд, Үндэсний Архивын Ерөнхий газрын баруун талд баригдсан Соёлын яамны харъяа Соёлын өвийн үндэсний төвийн барилга ирэх арваннэгдүгээр сарын 15-нд буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр нээлтээ хийхээр болжээ.


Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийг хамгаалан, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, хойч үедээ өвлөн уламжлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах төвийн барилгын ажил 2014 онд эхэлсэн.
Тус барилгын ажлын явцыг өчигдөр Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат сэтгүүлчдэд танилцуулах үеэр “Соёлын өвийн үндэсний төвд Монгол Улсын түүх, соёлын биет ба биет бус өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг төвлөрүүлж, энэ чиглэлээр хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг тайлан баримтууд, археологийн малтлага судалгаанаас олдсон түүх, соёлын дурсгалт зүйлсийг анхны төрхөөр нь сэргээн засварлах зэрэг олон ажлууд явагдана” гэдгийг онцоллоо.


Шинээр баригдсан Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилга нь нийт 8000 ам.метр талбайтай, 60х40 метрийн хэмжээтэй, зоорийн давхрыг оруулбал гурван давхар барилга ажээ. Дотроо 250 хүний суудалтай хурлын заал, үзвэрийн танхим, номын сан, булш олдворыг сэргээн засварлах хөргүүртэй өрөө, уран зураг фото зургийг сэргээн засварлах хадгалах өрөө гэх мэт 130 гаруй өрөө тасалгааг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж байна. Мөн хамгаалалтын хашаа, орц гарц бүхий машин зам, авто зогсоол, ногоон байгууламжтай аж.

Шат дараалалтайгаар ажилтнуудынхаа тоог 139 хүргэнэ

Монгол Улсын музейд 240 мянга гаруй үзмэр байгаа аж. Эдгээрээс эвдрэл, гэмтэлтэй үзмэр 60-70 хувийг нь эзэлдэг байна. Иймд нэн яаралтай үзмэрүүдийг сэргээн засварлах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолдог. Гэтэл одоогийн байдлаар тус салбар жилд 20 орчим байгууллагаас 150-200 орчим музейн үзмэрийг сэргээн засварлах хүчин чадалтай. Сэргээн засварлах ажлыг хийж буй арав гаруй хүн нь хаанаа ч хүрдэггүйг мэргэжлийнхэн хэлдэг.

Одоогоор Соёлын өвийн үндэсний төв нь Соёлын төв өргөөний зүүн үзүүрийн хоёр давхарт байрлаж буй бөгөөд 30 орчим ажилтантай. Улс, нийслэлийн хэмжээний 38 музейгээр зогсохгүй археологи, палентлогийн олдворуудыг бүртгэн авч, сэргээн засварлаж, авран хамгаалдаг. Ингээд бодохоор орон тооны 30 ажилтан хаана ч хүрэлцэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ажилтнуудынхаа орон тоог нэмье гэхээр наанадаж багтах зай талбайгүй, цаанадаж энэ салбарын мэргэжлийн боловсон хүчний асуудал хүндхэн байгаа тул ажиллах орчныг хангасан шинэ байр, барилга зайлшгүй хэрэгтэй болжээ. Тиймээс шинэ төв ашиглалтад орохоор ажлын байраа үе шаттайгаар нэмэх зорилго тавьсан бөгөөд 2050 он гэхэд 139 ажилтантай байхаар төлөвлөсөн тухай Г.Энхбат захирал хэллээ.
Соёлын өвийн үндэсний төвийн барилгад соёлын өвийг хамгаалах чиглэлээр дараах 10 гаруй төрлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Үүнд:

• Соёлын биет өв болох археологийн олдвор, яаралтай хамгаалах шаардлагатай музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг зориулалтын төрөлжсөн сан хөмрөгт түр болон байнга хадгалах;

• Соёлын биет өв болох музейн үзмэр, археологийн олдвор, хөшөө чулуун дурсгал, сүм хийд дурсгалт уран барилгын өнгө будаг зэргийн эвдрэл гэмтлийгсэргээн засварлахад Монгол орны эрс тэс цаг агаар, уур амьсгалд тохирсон соёлын өвийн хадгалалт хамгаалалтын судалгаа оношлогоо, сэргээн засварлалт хийх төрөлжсөн лабораторт оношлох, судлах, сэргээн засварлах, бэхжүүлэх;

• Сэргээн засварлах соёлын биет өвийг яс, чулуу, мод, төмөр металл, шавар, цаас, арьс шир, уран зураг, монгол зураг, эсгий, даавуу зөөлөн эдлэл зэрэгттөрөлжүүлсэн студи, урлан ажиллах;

• Байгальд ил задгай орших эвдрэл гэмтэлтэй хүн чулуу, буган чулуун хөшөө, гэрэлт хөшөө, амьтны дүрст дурсгал зэргийг жилийн 4 улиралд тусгай зориулалтын чулуу сэргээн засварлах лабораторт авран хамгаалах зорилгоор үндэсний төвд түр зөөж шилжүүлэн, бэхжүүлж, сэргээн засварлан унаган газар нь буцаан байрлуулах;

• Улс, аймаг орон нутгийн музей, судалгаа шинжилгээний байгуулага, зарим хийд болон хилийн чинадад хадгалагдаж буй буй соёлын биет өв болох түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн цахим болон цаасан суурьтай Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, төрөлжсөн архив;

• – Монгол Улсын газар нутаг дээр оршин байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох палеонтологи, археологийн төрлийн олдорт газар, чулуун зэвсгийн бууц суурин, эртний булш бунхан, хиргисүүр, хотын туурь балгас, сүм хийд барилга архитектурын дурсгал, хүн чулуу, буган хөшөө, хадны зураг гм дурсгалын цахим болон цаасан суурьтай Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, төрөлжсөн архив;

• Монгол үндэстэн, туургатан, угсаатны бүлэгт хамаарах эх хэл аман уламжлалын илэрхийлэл, ардын язгуур урлаг, байгаль, сав ертөнцийг танинмэдэх уламжлалт арга ухаан, мэдлэг, мал маллагаа, гар урлал зэрэг соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, түүнийг өвлөн уламжилж буй хүнтэй холбоотой бүхий л төрлийн мэдээллээр Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, төрөлжсөн архив;

• Ардын язгуур урлагийн төрөлд хамаарах Соёлын биет бус өвийг сурталчлах, өвлөн уламжлагч хүнийг дэмжих, тэдний урын санг баримтжуулах зорилгоор 80 хүний суудалтай мини театр;

• Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу шат, шатны бүртгэл мэдээллийн сангийн тогтолцоог чадавхижуулах, соёлын өвийг хадгалж буй байгууллага, мэргэжилтнийг хадгалалт хамгаалалтын чиглэлээр мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, төрөлжсөн сургалт зохион байгуулах;

• Соёлын өвийг судлах, хамгаалах чиглэлээр байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;

• Соёлын өвийн чиглэлээр хурал, зөвлөгөөн, уулзалт зохион байгуулах;

• Соёлын өвийн өдөрлөг, танилцуулга, үзэсгэлэн зэргийг зохион байгуулах зэрэг арга хэмжээг дурдаж болно.
Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орсноор соёлын өвийг бүртгэх, судлах, хамгаалах сэргээн засварлах ажил чанарын болон тоон үзүүлэлтэд ахиц дэвшил гарахаас гадна зориулалтын шаардага хангасан өрөө тасалгаанд соёлын биет өвийг хадгалах боломж бүрдэх ажээ.

ЮНЕСКО-д 14 соёлын өвийг бүртгүүлжээ
Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг нь соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн явдал. Монгол Улс ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенц”-д 2005 онд нэгдэн орсон бөгөөд 2008-2018 оны хооронд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний төлөөллийн болон Яаралтай хамгаалах жагсаалтад 14 өвөө бүртгүүлээд байна.ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад:

1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)

2. Монгол ардын уртын дуу (2008)

3. Монгол наадам (2010)

4. Монгол ардын хөөмэйн урлаг (2010)

5. Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл. Ингэхдээ 12 улстай хамтран бүртгүүлсэн (2010)

6. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)

7. Шагайн харваа (2014)

ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад:

1. Монгол тууль (2009)

2. Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)

3. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)

4. Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил-битүү амьсгаа (2011)

5. Монгол уран бичлэг (2013)

6. Ингэнд ботго авахуулах зан үйл (2015)

7. Уул овоо тахих монгол зан үйлийг (2017) тус тус бүртгүүлээд байгаа аж.

Соёлын өвийн үндэсний төвийн бүртгэлд 316 мянган хөдлөх өв, 89 мянган үл хөдлөх өв, 8383 өвлөн тээгч, 98 соёлын биет бус өв бүртгэгдээд байгаа аж.