Монгол Улсад циркийн урлаг хөгжөөд 80 жилийн ойтойгоо золгосон. Гэвч циркчдийн урдаа барьдаг “Аса” цирк өнгөрсөн долоодугаар сараас хойш засвартай, хаалттай байгаа.

Аргаа барсан циркийн сургуулийнхан ойн баярын тоглолтоо асарт зохион байгуулсан билээ. Тэгвэл дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулж яваа шилдгүүд “Аса” циркийг ашиглалтад орохыг хүлээхийг хүссэнгүй. “Diamond Circus” нэртэй тоглолтоо энэ сарын 31, ирэх сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Олон улсад танигдсан хүч чадлын үзүүлбэр, агаарын акробат, аварга могойн тоглолт, монгол циркчдийн дархлаа болсон уран нугаралт зэрэг дэлхийн томоохон наадмаас шагнал хүртэж байсан үзүүлбэрээр монгол үзэгчдийнхээ “цангаа”-г тайлах гэнэ. Тоглолтын тасалбарын үнэ 20 мянган төгрөг ажээ.