Дэлхийн тайзнаа эх орныхоо нэрийг өргөж яваа монгол циркчид нэгдэж өнгөрсөн амралтын өдөр “Diamond circus” нэртэй тоглолтоо хийж үзэгчид олныхоо нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээж, сонорыг мялаалаа.

Монгол бөхийн өргөөнд болсон тоглолтын уур амьсгал бидний хүүхэд насны сэтгэгдлийг дахин сэргээв.
Утаат манан, өнгө гэрлийн гайхамшиг, том жижиг далбагар малгай, улаан хацар, өхөөрдөм төрхтэй алиалагчид, уран нугаралт, аварга могойн үзүүлбэр, 1990-ээд оны сүүлчээр тоглодог байсан алдарт “Шидэх банз”, “Агаарын нислэг”, “ Перш” зэрэг алдартай үзүүлбэрүүд тоглогдож, хүүхдүүдийн гайхшрал, бахдал баярыг төрүүлж байв.

Тоглолтын үеэр хүүхэд гэлтгүй томчууд нь хүртэл “хөөх” хэмээн дуу алдацгааж, хүүхэд насандаа хэсэгхэн хугацаанд зочиллоо.
Дэлхийн “А” зэрэглэлийн уралдаан тэмцээнээс алт, мөнгөн медалийг хүртэж, монгол урлагаа дэлхийд сурталчилж яваа циркчидын тоглолт 2 цаг 30 минут хэртэй үргэлжилсэн ч нүд ирмэхийн зуур үзэгч багачуудад гайхамшгийг бүтээж өгсөн гэхэд болно.