Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж хотын өвөлжилтийн бэлтгэл ажил, Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудын явц зэргийг хэлэлцлээ.

Хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөнд нийт 40 нэр төрлийн ажил хийгдэхээр тусгагдсан бөгөөд биелэлт 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Жаргалант суманд уурын зуух барих ажлыг дуусгах, Яргуйт багийн 150 хүүхдийн цэцэрлэгийн уурын зуух барих ашиглалтад оруулах, авто замын халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор хайрга, давс, бодис нөөцлөх, инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийг үе шаттайгаар үргэлжлүүлэн хийж, зайлшгүй шаардлагатай шугам сүлжээний шинэчлэлтийн ажлыг хийх, орон сууцны болон гэр хорооллын гудамжинд гэрэлтүүлэг хийх зэрэг ажлууд тусгагджээ.

“Аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө”-нд нийт 36 заалт бүхий арга хэмжээ тусгагдсан. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл, мал эмнэлгийн ажил үйлчилгээний, газар тариалан, хүнсний чиглэлээр ажлууд төлөвлөгдсөн бөгөөд хэрэгжилтийн дундаж 88.2 хувь байна. Малчид өөрсдийн нөөц бололцоогоор 8200 тн байгалийн хадлан бэлтгэхээс 8167 тн хадлан бэлтгэж, гүйцэтгэл 99.5 хувь байна. Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолоор аймаг, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 160 тн, тэжээл 50 тн бэлтгэхээр төлөвлөгдсөнөөс өвс 190 тн, тэжээл 70 тн-ыг тус тус бүрдүүлсэн.

Манай аймаг нийт 39.5 мянган га бэлчээрийн талбайтай. 2020 оны эхний байдлаар 239 худаг уст цэг байгаагаас инженерийн хийцтэй 145, энгийн 94 худаг ашиглагдаж байна. Бэлчээрийн зориулалтаар инженерийн хийцтэй 74 худаг байгаагаас 71 худгийг ашиглаж байна.

Энэ онд 4371 га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 4968 га талбайд тариалалт хийгдсэн байна. Үүнд: Үр тариа 3940, малын тэжээл 220, тосны ургамал 60, төмс 366, хүнсний ногоо 382 га талбайд тус тус тариалжээ.