АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулсанд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын гэр бүл баяртай байгаагаа өөр өөрсдийн цахим хуудаснаа илэрхийлжээ.
Учир нь тэрээр С.Батболдыг Ерөнхий сайд байх үед буюу 2011 оны наймдугаар сард Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд айлчилж байсан юм.


Жо Байден монголд айлчилсан тухайгаа хэвлэлд ярихдаа “Монголд хийсэн миний болон АНУ-ын бусад албан хаагчийн айлчлалууд, мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсын Ерөнхийлөгч Б.Обаматай Цагаан ордонд хийсэн уулзалт зэрэг нь газар зүйн байрлалаас үл хамааран манай хоёр улсын нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйлстэйг харуулж байгаа юм. АНУ-ын компаниуд Монголын эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлалын салбарт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж, хөгжилд хөтөлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Би манай хоёр орны ирээдүйн, ойрын жилүүдийн хамтын ажиллагааг тэсэн ядан хүлээж байна” хэмээн мэдэгдэж байжээ.

Олон улс судлаачдын үзэж буйгаар АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жо Байден Монголын экспортын гол бүтээгдэхүүний нэг болох алтны үнийг дэлхийн зах зээлд өсгөж, түүхий нүүрсний үнийг бууруулах бодлого барихад нөлөөлнө хэмээн харж буй аж.