Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р баг Зөөлөн багийн нутаг дэвсгэр Хавтгай ууланд Хууль бус жонш олборлосон асуудал удаа гарч байгаа тул холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн онд тус газарт Дундговь аймгийн нэр бүхий иргэд хууль бусаар ухаж, ашигт малтмал олборлож байсныг нутгийн иргэдийн мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж таслан зогсоосон. Түүнчлэн энэ оны наймдугаар сард дахин хууль бусаар ухаж зөөвөрлөж байсныг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Мөрөн сумын удирдлагууд таслан зогсоож, техник хэрэгслийг хураан авч, журмын хашаанд саатуулжээ. Гэвч 10 хоногийн өмнө буюу 2020 оны 10-р сарын 19-20-ийг шилжих шөнө дахин хууль бусаар ухсан байна.

Хэнтий аймгийн Засаг дарга Ц. Идэрбат нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, нэн даруй экологийн үнэлгээг хийлгэж, булах хэрэгтэйг сануулан экологийн үнэлгээ хийх шаардлагатай хөрөнгийг аймгийн төсвөөс гаргуулах, хохирлыг нөхөн төлүүлж төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ. Тухайлбал, “Хэнтий ус” ХК, “Харгуй” ТӨХК, “Өндөрхаан Хот тохижилт” зэрэг байгууллагын техник хэрэгслийг ашиглан булах ажлыг эхлүүлэхийг үүрэг болгосон байна. Улмаар байнгын манаачтай болгох, байгаль орчны байцаагчтай болгох зэрэг асуудлыг шийдвэрлэжээ.