Өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад коронавирусийн халдвар зургаагаар нэмэгдлээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн эх сурвалжаас тодруулахад “Өнөөдөр бүртгэгдсэн халдварын зургаан шинэ тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрлээ. Тэдний гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй, 49-54 насны хүмүүс байна. Мөн өдөр Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 31 настай нэг эрэгтэйн шинжилгээнээс илэрсэн.

Харин үлдсэн нэг нь ХӨСҮТ-д халдвартай хүмүүсийг эмчилж байгаад өөрөө халдвар авсан сувилагчийн багийн 27 настай, эмэгтэй эмчийн шинжилгээнээс халдвар илэрлээ. Уг эмчилгээний багийнхныг нэг, нэгээр нь тусгаарласан.

Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдол 374 болсон. Үүнээс 317 нь эдгэрсэн бөгөөд 54 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын гурван иргэн өөрсдийн хүсэлтээр боомт дээрээс буцаж, нутагтаа эмчилгээнд орсон. Халдвартай байсан гурван иргэн нутаг буцсанаар эмчилгээнд байх ёстой 57 хүний 54 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

ХӨСҮТ өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэхээр 200 ор бэлтгэснээс 54 хүн эмчлүүлж байна. Нэмж 200 ор гаргах боломжийг бүрдүүлсэн. Мөн эмчилгээний багийг сургаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Гуравдугаар сараас эхлэн коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэн хүнд нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа амжилт хүсээд, иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, амны хаалтаа зүүн, гараа тогтмол угааж байхыг зөвлөлөө.
Мөн халдварын аюул ойрхон байгааг анхааруулав.