Орхон аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал, Онцгой комиссын шуурхай штабын дарга бөгөөд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар нар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн эрхлэгч, зах худалдааны төвүүдийн түрээслүүлэгч нартай уулзлаа.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор зохиомлоор бараа материалын үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин ажиллахыг анхаарууллаа.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудад нэг удаагийн маск 500-800 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бөгөөд нөөц дуусч хомстол үүссэн зүйл одоогоор байхгүй.
Түүнчлэн зах худалдааны төвүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, бараа материалын үнийн хөөрөгдөл үүсч болзошгүй байгаа тул COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13.2.8 гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байх гэсэн хуулийн заалтыг танилцууллаа.
Томоохон зах худалдааны төвүүд, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэгчдийг аймаг орон нутагтай хамтран ажиллаж тавьсан шаардлага, санал хүсэлтийг биелүүлэн ажиллахыг хүслээ.