Аймгийн Онцгой комиссын хуралдаан орой 19:30 минутаас эхэлж 21:25 минутад өндөрлөлөө.

Хурлыг Орхон аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал удирдан явуулав. Энэ хуралдааны эхэнд:


1. БОЭТ-ийн вируслогийн лабораторийг яаралтай ажилд оруулах
2. Аймгийн хэмжээнд хог цэвэрлэгээний ажил, ариутгал халдваргүйтгэлийг зохион байгуулах
3. УОК-ийн 31, 32 дугаар хуралдааны үүрэг даалгаврын хэрэгжилт цаашид зохион байгуулах ажлын талаар холбогдох албаны удирдлагууд мэдээлэл хийлээ.
Хуралдааны төгсгөлд дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. Тухайлбал:
1. 2020-11-12-ны өглөөний 08:00 цагаас эхлэн 14-ний өдрийг дуустал аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхгүй байх
2. Бүх албан байгууллагууд “Гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө” тодотгол хийх
3. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, томоохон үйлчилгээний байгууллагуудад ариутгал халдваргүйтгэлийг зохион байгуулах
4. Аймгийн хэмжээнд хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх, үүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллах
5. Улсын Онцгой комисстой холбогдож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм бэлдмэл, амны хаалтын нөөцийг тооцож, нэмэлтээр татан авах ажлыг зохион байгуулах
6. Бүх шатны сургууль, сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан багш нарыг мөн сургууль цэцэрлэг дээр аль болох цуглуулахгүй байх, гэртээ байгаа хүүхдүүдийг ахуйн аюул ослоос урьдчилан сэргийлэх
7. Аймгийн онцгой комиссоос гарсан шийдвэрийг цаашид зөвхөн ОБГ-ын дарга бөгөөд Онцгой комиссын шуурхай штабын дарга, Эрүүл мэндийн газрын дарга нар албан ёсны мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд мэдээлж байх зэрэг шийдвэрийг гаргалаа.
Иргэд цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахдаа эмнэлгүүд дээр бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдрүүгээ утастаж анхан шатны тусламж үйлчилгээг авах талаар мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.