Б.Мэргэн: Өмгөөлөгчдийг гэрээсээ ажиллах бололцоогоор хангаж өгөөч
Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Б.Мэргэн өмгөөлөлчдөд үүсээд буй нөхцөл байдлын талаар өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр шүүх, прокурор ажиллана гэчихээд өмгөөлөгчдийг хэрхэн ажиллахыг тодорхойлж өгөхийг шүүхээс хүсчээ.


Энэ тухайгаа “ Бүх нийтийн бэлэн байдлын үед салбар бүр, хүн болгонд л том жижиг гэлтгүй бэрхшээл тулгарч байгаа. Манай салбарын хувьд шүүх, прокурор ажиллана гэчихээд өмгөөлөгчид яах нь тодорхой бус болчихсон. Шүүхээс өмгөөлөгчдөө онлайнаар хуралдаанд оролцуулах боломжоор хангана уу гэсэн бичгийг Өмгөөлөгчдын холбоонд хүргүүлсэн бол холбооноос бидэнд тийм боломж байхгүй, шүүхээс өмгөөлөгчдийг гэрээсээ оролцох боломж бүрдүүлвэл бид шаардлага тавъя гэсэн утгатай бичиг шидэлцсэн. Мөн Өмгөөлөгчдийн холбооноос УОК, Засгийн газарт энэ асуудлаа шийдэж өгөөч гэсэн бичиг явуулсан ч хариу одоогоор алга.

Хэрэг, маргаан бүгд цаг хугацаатай. Хугацаандаа хүсэлт, гомдлоо гаргахгүй бол хүлээж авахгүй. Хугацаа бүрийн ард хоног, цаг, минутаар хүний эрх яригдана. Энэ нөхцөлд хугацаа зогсох уу, үргэлжлэх үү гэдэг асуудал ч бүрхэг. Өмгөөлөгчид гарч чадахгүй, ажлаа хийхгүй байсаар хугацаа өнгөрчихвөл хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох уу гээд асуудал байна. Тооцлоо гэхэд энэ хугацаанд сэргэхгүй эрхүүд ч зөрчигдсөөр.

Өмнө нь гомдлоо аймгийн шүүхэд өгөх гээд хотоос гарах гэхэд хөдөлгөөн хязгаарласан, маш нууц учир шуудангаар авахгүй, хорио тавигдахаар өг, хүндэтгэн үзэх шалтгаан учир хугацаа хэтэрсэнд тооцохгүй гэж шүүхээс мэдэгдсэн атлаа УДШ-ийн хуралдаанд ороход хугацаа хэтэрсэн, хорио тогтоосон нөхцөл хамаагүй гээд гомдол хүлээж авахгүй гэж илтгэгч шүүгч хувьдаа шийдсэн тохиолдол гарч байсан. Яахав шүүгчид зөвлөлдөөд хүлээж авсан л даа.

Өөр нэг том асуудал бол хөл хорионоос болоод цагдан хоригдож байгаа хүмүүсийн асуудал хүндэрч байна. Ердийн хэргүүд шуудангаар гомдол, хүсэлтээ авч өгөөд боллоо гэхэд маш нууц хэргүүдийг дээр хэлсэнчлэн шуудангаар авахгүй, биечлэн өг гэнэ. Биечлэн өгөх гэхээр өмгөөлөгчдийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Тэгээд тодорхойгүй хугацаагаар хойшлогдчихоор суллагдах ёстой хүмүүсийн суллагдах өдөр тэр хугацаагаар хойшилж байна. Бид хэдхэн өдөр гэртээ байхад л хичнээн дарамттай байгаа билээ. Гэтэл хоригдож байгаа хүмүүст нэг өдөр, нэг цаг ч үнэ цэнтэй. Тэгээд магадгүй ажилчдаар ч юм уу

дамжаад хориход корона тархвал яах вэ? Цаг хугацаандаа гарчих ёстой байсан хүмүүсийн хохирлыг хэрхэх вэ гээд л. Асуудал их байна аа” хэмээн цахимд нийтэлсэн байна