Хорионы цаадах эдийн засгийн тооцоо

Манай улсын ДНБ 40 их наяд төгрөг. Долоо хоногт 769 тэрбумын бүтээгдэхүүн, үйлчилгээг бид хэрэглэдэг.

Түүнээс 65 хувь УБ хотод ноогдох ба хөл хорионоос шалтгаалан хотын үйлдвэрлэл, үйлчилгээний 30 хувь ажиллаж байгаа гэж тооцвол өдөрт 50 тэрбумыг хөл хорионоос шалтгаалан алдаж байна.

 

Өнөөдөр ЗГ-аас гаргасан хатуу хөл хориог 14 хоног сунгах шийдвэр 700 тэрбумын өртөгтэй байлаа.

Дээр нь хорионы үед онцгой байдалд ажиллах төрийн албан хаагчдын цалин хөлс, хүн амын эмзэг хэсгийг хүнсээр хангах зардал, татвараас олох байсан алдагдсан боломж, зээл хойшлуулах зардлыг тооцвол 900 тэрбум хүрэх байх. Хэдийгээр цөөн хэсэг нь гэрээсээ ажиллах боловч хувийн хэвшилд байгаа 920,00 ажиллагсдын ихэнх цалингүй болно, эсвэл ажил олгогч алдагдлыг үүрэхээс аргагүй.

Монгол улс зөвхөн Ковидтой тэмцэхийн тулд 562 сая ам.долларын зээл, тусламжийг хандивлагчдаас авсан байдаг. Гэтэл вакцинжуулах ажилд зориулан Дэлхийн банкнаас 50.6 сая долларын зээл гуйж байгаа нь тун ойлгомжгүй.

УОК-д эдийн засагч, нийгэм судлаач нар яагаад орж болдоггүй юм бол? Аливаа шийдвэрийн ард санхүүгийн тооцоог гаргаж, нийгэм эдийн засагт учрах нөлөөг давхар бодолцож баймаар байна. Засгийн газрын шийдвэр улсын нийт эрх ашиг, ирээдүйг бодсон, олон талыг харгалзаж гарах учиртай. Ковидоор хүнээ үхүүлээгүй гэдэг нэр зүүхийн тулд эдийн засгаа нядалчихгүй юмсан.

Хэрвээ 14 хоногын хориог дахиад сунгавал татвар төлөгчид дампуурч, хүмүүс ажилгүй болж улсын эдийн засагт нөхөж болшгүй хохирол учирна. Бүгд ажилгүй болвол эдийн засаг, нийгмийн хямрал болж архи, мах, халамжийн оочер дээрээ хүн амины хэрэг гарах байлгүй дээ.

Эдийн засагч Цэгмэд Лут-Очир