Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр өрх бүрд 200 мянган төгрөгийн бэлэн мөнгө тараах, 800 мянган төгрөгийн ваучер буюу хүнсний толан тараах санаачлага гаргасан байдаг.

Уг санаачлага нь бүх иргэдэд таатай санагдахгүй байгаагаа өөрсдийнхөөрөө илэрхийлсээр байна. Иргэдийн хандлагыг тоймлон хүргэе

Гадуурхагдсан ганц бие хүмүүс


Хэдийгээр хөл хорионы нөхцөл байдалтай дэлхийн олон оронд иргэддээ бэлэн мөнгө тарааж байгаа. Гэвч иргэдээ гэр бүлтэй, ганц биеэр нь алгачилсан зүйл үгүй. Харин манай Ерөнхийлөгч “өрх бүрд” хэмээн тусгаж өгсөн нь ганц бие, ганцаараа амьдардаг хүмүүс төрийн хишиг хүртэх эрхгүйг сануулж байна. Тэд ч гэсэн хоолтой хоолгүй, хөл хорионд байгаа.

Хугацаатай, хүүтэй зээл


Монгол Улсын Засгийн газар, Европын комисстой 2014-2020 онд хамран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр хүлээн авахаар хоёр тал тохиролцон энэ оны тавдугаар сарын 29-нд гарын үсэг зурсан. Энэ хүрээнд дээрх хэмжээний санхүүжилтийг төсвийн дэмжлэг, санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр 50.8 сая еврогийн тусламж, 120 сая ам.долларын зээл авахаар болсноо өнгөрсөн 10 дугаар сард УИХ-ын чуулганаар шийдэж, баталсан.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын гадаад өр 30.8 тэрбум ам.доллар байгаа. Нийт зээлийн 6.8 хувь буюу 2.1 тэрбум ам.долларын зээл Монгол банкных. Энэ бол Хятадын төв банкны своп. Сая гурван жилээр сунгасан.
Үүний дараа Засгийн газрын өр 7.9 тэрбум ам.доллар. Үүнээс үнэт цаас 2.9 тэрбум. Дээр нь гадаадын хөнгөлөлттэй зээл 5.1 тэрбум ам.доллар байна. Монгол Улс хөгжлийнхөө үед буюу 1990 оноос хойш нийт гурав гаруй тэрбум орчим ам.долларын буцалтгүй тусламж авсан байдаг.
Хэрэв өрхүүдэд бэлэн мөнгө тараахыг Засгийн газар дэмжвэл ахиад л хугацаатай, өндөр хүүтэй зээл авна. Учир нь улсын төсөвт өрх бүрд тараах бэлэн мөнгө одоогоор байхгүй.

Түгжрэл, бөөгнөрөл


Төрөөс хатуу хөл хориотой гээд байхад замын түгжрэл үүссэн нөхцөл байдал өчигдөр болов. Энэ түгжрэл цагдаа нар иргэдийн бичиг баримтыг шалгах ажлаа удаашралтай хийснээс үүссэн.
800 мянган төгрөгийн хүнсний толан буюу ваучер өгвөл нөгөө хөл хорио эмх замбараагаа алдаж, хүнсээ авах гэсэн иргэдийн бөөгнөрөл, түгжрэл үүсэх нь дамжиггүй. Ерөнхийлөгч үүнийг бодолцсон болов уу. Түүний санаачлагыг хөрсөн дээр буулгаж бодлого боловсруулах, зохион байгуулалт хийх мэргэжилтнүүд хэр олон байхыг харах л үлдлээ.

Сонгууль ба нийгмийн хардалт


Ерөнхийлөгчийн санаачлагад “2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэжээ.
Ирэх 2021 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Манай улсын “женко” Ерөнхийлөгчийн мэдэлд үндэсний үйлдвэрлэгч болох Талх чихэр, Мах импекс гэх мэт олон компаниуд бий. Гэтэл нэр дурьдагсан эдгээр компаниуд Ерөнхийлөгчийн санаачлагатай зэрэгцэн 300 мянга, 500 мянган төгрөгийн багц гаргасан гэх мэдээлэл байна.

Ерөнхийлөгч маань хөл хориогоор “тоглолт хийж”, иргэдээ дэмжих нэрийн дор Төрөөс ирэх сонгуулийнхаа сурталчилгааны мөнгийг босгох гэж байгаа юм биш биз?

Б.Дэжид