Короновирусийн эрсдлээс хамгаалахын тулд хүн хооронд 1.2 метр зай барих, амны хаалт зүүж, ариутгалын бодис хэрэглэхийг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байгаа.

Хэдхэн хоногийн өмнө нөөцийн махыг 15 цэгт борлуулж эхэлсэн. Ингэхдээ гадаа талбайд зарж байгаа юм.

Мах авах иргэдийн урт дараалал үүсэж, коронавирусийн халдвар хамгааллын дэглэм алдагдах нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан халдвараас сэргийлэх дэглэмийг сахиулахаар цагдаагийн албан хаагчид болон мэргэжлийн хяналт газрын байцаагчид, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид газар дээр нь ирж ажиллаж байна.

Иргэд тус цэгүүдээр үйлчдүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж, дэг журамтай байхыг анхааруулж байгаа. Ингэхдээ халдвараас хамгаалахын тулд маск зүүхээс гадна хамгийн гол дэглэм бол хоорондоо 1.5-2 метрийн зай барих гэдгийг онцолж ирсэн.

Харин хоорондоо зай барих дэглэмийг манайхан нэг л ойлгохгүй, мөрдөхгүй байх шиг. Махан дээр оочир дараалал үүсгэн бужигналдаж байна.

Дэлхийн олон улс орнуудад хүн хоорондын зайг цагдаагийн тусламжгүйгээр барьж болоод байхад манайд заавал цагдаагийн албан хаагчид “цагдах” ёстой мэт. Ингээд бодохоор бидний тархинд маш том нийгэмшээгүй ёс суртахуун баттай оршиж байна.

Аливаа оочир дараалалд наалдах нь холгүй зогсохоор илүү хурдан хүрнэ гэсэн сэтгэлгээ явдаг юм болов уу, бүү мэд. Тиймээс олон нийтийн соёлд суралцаж хүн хоорондын зайг баръя.