“Улаанбаатар Сонгодо” эмнэлгийн Ерөнхий захирал, хүний их эмч Б.Болдсайхан өөрийн санаачлагаар “Зүрх мартахгүй” төслийг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлж олон хүүхдэд амьдрал бэлэглэсэн.


Тэрээр алслагдсан аймаг, сумдад сар бүр өөрийн биеэр очиж үзлэг хийдэг. Явах бүртээ 100-аад хүнд үзлэг хийхэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд илэрсээр байдгийг цахим хуудсаараа мэдээлдэг.
Төслийг эхлүүлснээс хойш 7 сартайгаас 13 настай 70 гаруй хүүхдэд хагалгаа хийхэд нэр бүхий олон байгууллага, 700 гаруй хүн 5000 төгрөгөөс 30 сая төгрөг хүртэлх хандив өргөжээ.
Харин одоо “Зүрх мартахгүй” төслийн данс улайгаад байгаа аж. Энэ
Тухай Б.Болдсайхан эмч “6 сартай зүрхний ховдолын 1 см цоорхойтой Өгий нуурын охинд мэс засал ороод “Зүрх мартахгүй” төслийн данс улайв. Дуучин Ану таван хүүхдэд, Монгол HD, Голомт…гээд байгууллага, хүмүүс амласнаа өгвөл “Зүрх мартахгүй” төсөл үргэлжлэх гээд байна” гэжээ.
Уг нь Голомт банк л гэхэд төслийг анх эхлэхэд Алтантүлхүүр хүүхдийн сангаараа дамжуулан төслийг үргэлжлүүлэн дэмжиж албан ёсны хамтрагч болж, санхүүжилт олгоод зогсохгүй амжилттай хэрэгжихэд шаардлагатай бүхий л үйл ажиллагаагаар дэмжин ажиллахаа илэрхийлээд байсан.
Зүрх мартахгүй төсөл 2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг эмчилсэн байхыг зорьж байгаа аж.