Сайхан дуу гэдэг дурсамжийн харгуйгаар гэнэхэн аялуулж гэгээн хайрын мөрөөдлөөр сэмхэн догдлуулж эгэл энэ амьдралд ухаан залдаг шидтэй билээ.  Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж үзэгч, сонсогч олондоо хүндлэгдсэн дуучин бол Пүрэв-Очирын Түдэвдорж юм. Яруу найрагч, АУЗ Бавуугийн Лхагвасүрэнгийн үг, УГЗ Д. Баттөмөрийн хөгжим “Чамайг тойрон эргэлдэнэ” дуугаар нь түүнийг хүн бүр таних билээ.

Саяхан “Чамайг тойрон эргэлдэнэ” нэртэй өөрийн шинэ уран бүтээл болон хуучны сайхан дуунуудаас бүрдсэн 13 дуутай цомгийн нээлтээ хийсэн дуучин маань анхны бие даасан тоглолтын товоо гаргажээ.

Дуучин П. Түдэвдоржийн “Чамайг тойрон эргэлдэнэ” анхны бие даасан тоглолт 2018 оны 10-р сарын 12-нд 19:00 цагааас Ub place-н их танхимд болох ба тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, УГЗ Сэвжидийн Сүхбаатар ажиллаж байгаа юм байна. Тоглолтонд урилгаар МУГЖ Ц. Түвшинтөгс, МУГЖ Харанга хамтлагийн Х. Лхагвасүрэн нар оролцох ажээ.

Олон жил тоглолтыг нь хүлээсэн хэн бүхнийг төлөв даруу зан нь дуу, хоолойгоор нь илрэн гардаг гэмээр уран бүтээлүүдээс нь уярал ухаарал, тайвширал тайтгарал мэдрэгддэг ховор сайхан хоолойтой дуучин П. Түдэвдоржийн анхны бие даасан уран бүтээлийн тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Б. Мөнхжаргал