Солонгорсон өнгөөр бусдын анхаарлыг татан гарч ирсэн “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өдгөө таван охины ээж болж, “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтлөх болсон.


Влогоороо дамжуулан өдөр тутмын аз жаргалтай амьдрал, гайхалтай хурим, амттай бал сарын аялал гээд өөрийн амьдралд тохиож буй зүйлийг харуулахын сацуу бусад бүсгүйчүүдэд зөвлөгөө өгч байдаг түүний влогийг олон мянган ээж нар шимтэн үздэг билээ.

Тэгвэл дуучин өчигдөр Гачуурт тосгонд байрлах Хүүхэд хамгааллын төвд очиж, хандив тусламж өгчээ. Тэрээр “Хөөрхөн дэлхий” ТББ-ыг удирддаг бөгөөд байгууллагатаа цугларсан хөрөнгөөр ийнхүү тус төвийн 50-иад хүүхдэд хэрэгцээтэй зүйлсийг нь аваачиж өгчээ.


Дуучин Ч.Анугийн хувьд энэ онд “Хөөрхөн дэлхий” хүүхдийн эмнэлэг байгуулахаар төлөвлөж байсан ч короновирусын улмаас хойшлуулсан байдаг. Тус эмнэлэг нь хүүхдийг эмчлэхээс гадна сэтгэлзүйн зөвлөгөө, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх тасагтай байх юм гэсэн.