Сэрэмжлүүлэг: Төрсөн ах нь охин дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарлаа

2004 онд төрсөн 16 настай охин энэ оны 11-р сарын 03-ны өдөр хичээлдээ явна  гэж гэрэсээ гараад ор сураггүй алга болсон тул ар гэрийнхэн нь цагдаад хандсан. Улмаар охины цогцсыг өчигдөр буюу 2020-11-23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайнд дэвтэр номны хамт байхыг нь олсон байна.

Хэргийн тухай дуудлагыг тухайн хорооны оршин суугч цагдаагийн байгууллагад өгсөн гэх ба дээрх шуудайнуудаас муухай үнэр гарч байна гэдэг мэдээллийг өгсөн байна. Уг дуудлагын дагуу хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад сураггүй алга болсон охин мөн болохыг тогтоосон байна.

Талийгаач охиныг хөнөөгөөд мөчилсөн байсан бөгөөд уг хэргийг төрсөн ах 18 настай Г гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Тэрбээр хэргээ хүлээсэн бөгөөд бид энэ хэргийн талаар тун удахгүй дэлгэрэнгүй эргэж мэдээлэх болно.