Кино ярьж өгье: “The Occupant”

“Тэнгэрээс дээш 3 метр” киноны гол дүрийг бүтээж, олонд танигдсан Испаний алдарт жүжигчин Марио Касасын тоглосон “The Invisible Guest” киног хэд хоногийн өмнө танилцуулсан. Тэгвэл энэ удаад Марио Касасын 2020 онд хийгдсэн “The Occupant” нэртэй шинэ киноны мэдээллийг хүргэж байна. Кино өөрөө маш сонирхолтой эхэлнэ. Барселона хотын төвд гоёмсог байр түрээсэлж амьдардаг, BMW машин унадаг, гэрийн асрагчтай, хүүгээ хувийн сургуульд сургадаг Хавиер гэх 40 нас нилээд гарч яваа эр нэг л өдөр сайхан цалинтай ажлаасаа халагдаж, амьдрал нь өөрчлөгдөнө.


Ажлын туршлага ихтэй ч, цалин өндөр авах сонирхолтой, 40 гарсан, дундаж насны эрийг компаниуд ажилд авах сонирхол багатай, аль болох хямд, залуу ажиллах хүчин хайж байгаа учраас Хавиер тэдэнд тохирохгүй байлаа. Өндөр үнэтэй байрны түрээс, хувийн сургуулийн төлбөр, тансаг машины үйлчилгээ гээд тал талаасаа шахагдаж эхэлсэн Хавиер эхнэр хүүгээ аваад өөр хямд байр луу нүүнэ. Машинаа зарахыг эхнэр шаардах ч, Хавиер дасч сурсан сайхан амьдралаа ингээд л өгчихийг хүссэнгүй. Түүний өндөр түрээстэй хуучин тансаг байранд нь залуухан хос нүүн орсон байх бөгөөд нөхөр нь царайлаг, чинээлэг, эхнэр нь хөөрхөн, охин нь эгдүүтэй гээд л бүх зүйл нь сайхан бүрдсэн гэр бүл байсан нь Хавиерын атаархал, хор шарыг хөдөлгөж, битүүхэндээ сонирхлыг татна.


Ингээд хуучин байрныхаа нэг илүү түлхүүрийг санамсаргүй авч үлдсэн Хавиер ажлын ярилцлаганууддаа ч очихоо больж, өөрийн мэдэлгүйгээр нөгөө гэр бүлийг тагнадаг, танддаг болж хувирна. Нөхөр нь хаана ажилладаг, ямар дутагдалтай, юунд мөнгө зарцуулдаг зэргийг компьютер дээр нь тухтай нь аргагүй сууж судална. Бүх л өдрийг өөрийнх нь биш, өрөөлийн амьдралыг харж, гөлөрч, судалж өнгөрөөх болсон Хавиер зүгээр ажиглах бус, тэр сайхан амьдралыг нь өөрийн болгохоор шийддэг. Тэрээр зорилгодоо хүрч чадах болов уу? Зохиол сайтай, өвөрмөц хийцтэй уг киноны төгсгөл таныг ангайлгаж хоцрооно гэдэгт итгэлтэй байна.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан