Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын Ерөнхий сайд , УИХ-ын гишүүдэд захидал илгээв.

Ил захидал

/МҮОНРТ-ийн Сэтгүүлчдийг шудрага байсных нь төлөө яллаж болохгүй/
Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын Ерөнхий сайд , УИХ-ын эрхэм гишүүд ээ
Короно вирусын тархалт эрс нэмэгдэж, монгол хүн бүр айдаст автан, төрийн бодлого шийдвэр энэ аюулыг хэрхэн гэтлэхэд голчлон чиглэж байгаа энэ үед үүнээс илүү бас нэгэн чимээгүй аюулын тухай та бүхэнд сонордуулж байгаадаа хүлцэл өчье.
Сар гаруйн өмнөөс удирдлагаа огцруулахаар тэмцэж эхэлсэн МҮОНРТ- ийн ажилчдын тэмцлийг яагаад үл анзаарна вэ. Тэр байтугай зарим нэгийг нь шүүх, прокурорт дуудаж байцаагаад эхэлчихсэн байх юм.
Өглөө эрт хаалгаа тайлахаар, хэсгийн цагдаа зөрчлийн хуулиар торгоно гээд зогсож байдаг. Нэвтрүүлэгт ороод ярихаар, шөнө нь машины цонх хагалдаг, ажлаас халаад хэдэн жил үргэлжлүүлэн цагдаа, шүүхээр явуулдаг. Энэ дарамт зовлонг бие сэтгэлээрээ мэдэрч, одоо ч амссаар буй тул дуугүй байж тэвчсэнгүй. Тэмцэж буй залуусаа өмөөрч захидал илгээлээ.

Сэтгүүлчид юуны төлөө тэмцэв?

МҮОНРТ-ийн сэтгүүлч Д.Наранцэцэг, Д.Туул, Б.Пүрэв тэргүүтэй уран бүтээлчид, ажилчдын төлөөлөл юуны төлөө тэмцэх болов?
Өнгөцхөн харахад, цалин нэмүүлэх , цаашилбал үндэсний телевиз радиог, олон нийтийн төлөө бус, харин үе үеийн захирлуудыг эрхшээх замаар зөвхөн өөрсдийн хувийн эрх ашигт нийцүүлэн удирдаж байсан хэсэг бүлэг хүмүүсийг бүрэлдхүүнээр нь огцоруулахын төлөөх тэмцэл мэт ойлгогдох боловч, туйлын зорилго нь илүү өргөн цар хүрээтэй юм.
Тэмцэж буй залуусаа дэмжин, ахмад уран бүтээлч Ш.Ёолк, Г.Золжаргал, Ш.Гүрбазар, Шагдарсүрэн, Л.Мөнхтөр нарын хэлсэн үгийг тунгаан үзэж, олон нийтийн дэмжлэг,олон арван төрийн бус байгууллагын хандлагыг харвал асуудал нэн тодорхой болно. Тодруулбал энэ тэмцэл нь, Монгол үндэстний оюун санааг короногоос ч аюултай чимээгүй тахлаас аврах, дэлхийд хосгүй монгол хүн, монгол соёлоо даяаршлын эрин зуунд авч үлдэх, Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах гэсэн чин хүсэл, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гэсэн уран бүтээлчдийн ухамсарт тэмцэл юм.

МҮОНРТ-ийн ажилчдын тэмцэл бол Монгол үндэстний оюун санааны тусгаар тогтнолыг хамгаалан зогсож байгаа “торгон цэргүүдийн бослого” юм.

Дэлхийн бүх улс үндэстэн ард түмнийхээ оюун санааг хамгаалах асуудлыг цэрэг дайны аюултай адилтган үзэж, чандлан хамгаалсаар ирсэн. Гэтэл монголчууд 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн 3.1 дэх заалтанд “төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт \цензур\ тогтоохгүй” гэсэн үг өгүүлбэр оруулснаар, ард түмнийхээ оюун санааны зулай руу аажим хордуулдаг тахлын нянтай бохир угаадас цацахыг зөвшөөрч хуульчилсан эмгэнэлт түүхийг бид мэднэ. Чухам яг тэр үеэс эхлэн Монголын төр, ард иргэдийнхээ оюун санааг ямарч хамгаалалтгүй орхиж, харийн “соёл” орж ирэх үүд хаалгыг нээлттэй орхисон юм. Олон зуун мянган гадаад контент ямарч хяналтгүйгээр орж ирэн бүхэл бүтэн сан үүсгэж, олон арван арилжааны телевиз, сайтууд түүнийг уралдан түгээж, нялх балчираас эхлээд монгол хүн бүрийн оюун санаанд харийн соёлын үр суулгах, үнэр нэвчүүлэх ажлыг өдөр бүр эрчимтэй хийсээр байна.
Үүний уршгаар харь үндэстнүүдийн зөөлөн бодлогын нөлөөнд автаж, үндэсний өв соёл, өнө мөнхийн үнэт зүйлээ гээн, оюун санааны мутацад орж буй Монгол хүн асар хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Монголчууд бие биенээ байтугай аав нь хүүгээ, ах нь дүүгээ, нөхөр нь эхнэрийнхээ царай төрхийг танивч сэтгэл оюуныг нь танихаа больж эхэллээ. Бид өвөг дээдсээс үлдээсэн хэн ч хэзээ ч булааж чадахгүй гэж бодож байсан оюуны асар их баялгаа, төрийнхөө оролцоотойгоор харийн бодлого, өөр соёлтой холин ээдүүлж, устган үгүй хийж байна. Монгол оюун санаа мөхлийн ирмэг дээр байна. Үүний эсрэг тэмцэх стратегийн гол түшиц газар МҮОНРТ яах аргагүй мөн. Энэ байгууллагын 700 гаруй ажилчдыг монголчуудын оюун санааны хил хязгаарыг хамгаалан тэмцэж буй “Монгол төрийн торгон цэргүүд” гэж ойлгож болно.

Хамт олны зөвлөл яагаад байгуулагдах болов…

МҮОНРТ-ийн удирдлага 2017 оноос эхлэн, үндсэн чиг үүргээс хазайж, цэвэр арилжааны телевизийн маркетингийн бодлогоор, ашгийн төлөө ажилласан байна. Үндэсний бус гадаад контент түлхүү үзүүлэх, үнэн мэдээлэл түгээхэд хөндлөнгөөс нөлөөлөх, том аж ахуйн нэгжүүдтэй их дүнтэй гэрээ байгуулж урамшуулал нэрээр мөнгө завших,хараат бус байдлаа алдах, хууль бусаар ажлаас халах гэх мэт маш олон шалтгааны улмаас уран бүтээлчид, ажилчид болон удирдлагын хооронд үл ойлголцол үүсэж, тэр нь даамжирсаар нийт хамт олныг хамран, үйлдвэрчний эвлэлийн дэмжлэгтэйгээр хамт олны зөвлөл байгуулагдан тэмцлийн хэлбэрт шилжсэн байна.

Монгол хүн бүрийг түүх, соёл, өв уламжлалаа хамгаалан тэмцэхэд уриалснаараа МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн энэ тэмцэл түүхэн ач холбогдолтой.

Тэнд ажиллаж буй 700 гаруй ажилчдын дунд үндэсний соён гэгээрүүлэгчид, нэн арвин туршлагатай, эх оронч сэтгэлтэй уран бүтээлчид олон бий. Тэмцлийн үр дүнд, МҮОНРТ үндсэн үүргийнхээ дагуу ажиллаж, болзошгүй аюулыг сөрөн зогсож, үндэс угсаагаа хамгаалан тэмцэж, үр хүүхдийнхээ тархи оюунаас бохир вирусыг гадагшлуулан, монгол өв соёл, үнэт зүйлийг нь өдөөн сэрээж , дэлхийд хосгүй оюунлаг, хүчирхэг Монгол хүнээ дахин бий болгохын төлөө ажиллах нь дамжиггүй.
Гэвч, мэдээж зөвхөн үндэсний сайн контент хийснээр асуудал шийдэгдэхгүй. МҮОНРТ-ийн удирдлагыг сольж, жолооны ард машинаа мэддэг, замаа мэддэг, хүрэх газраа маш сайн мэддэг удирдлагын багийг олж суулгах нь эхний зөв алхам. Үүнээс цааш, хуулийн хүрээнд, зайлшгүй шаардлага бүхий маш олон ажлыг дэс дараатай хийж байж, үндэсний оюун санааны дархлааг хамгаалах системийг босгож чадна. Үндсэн хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, ОНРТ-ийн тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэх мэт олон хуулинд өөрчлөлт оруулж байж энэ гажуудлыг арилгана.
Төрийн зүгээс медиа орчинд хийх өргөн цар хүрээтэй өөрчлөлтийг яаралтай эхлүүлэхгүй цаг алдвал, Монгол үндэстэн оюун санааны хувьд дэлхийн 7 тэрбум хүнд уусан шингэж, сарнин алга болох үндэсний эмгэнэл маш ойрхон байна.

Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын ерөнхий сайд,УИХ-ийн эрхэм гишүүд ээ.

Ард түмэн тань ирж буй аюулыг мэдрэх, сөрөн тэмцэх тэнхэлгүй болж, туйлдан доройтож, хувь заяатайгаа эвлэрэн, хэрчим талх , үмх хоолны төлөө эх орон, газар нутаг, ёс суртахуун, үнэ цэнэтэй бүхнээ арилжиж байна.
Монгол үндэстний язгуур эрх ашиг, оюун санааны тусгаар тогнолыг хамгаалахын төлөө төрийн дэмжлэг, хуулийн зохицуулалтгүйгээр МҮОНРТ-ийн уран бүтээлчид дангаараа тэмцээд хүссэн амжилтандаа хүрэхгүй нь ойлгомжтой юм.
Иймд та бүхнээс, МҮОНРТ-ийн хамт олны зөвлөлийн гишүүд болон ахмад уран бүтээлчдийн төлөөллийг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонсож, хамтран ажиллаж, шаардлагатай хуулийн төслүүдийг даруй санаачлан, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж санаа бодлыг нь тусган, УИХ-аар батлуулахыг хүсч байна.
1998 онд эхэлсэн Хүйтэн дайн буюу “зөөлөн хүчний бодлого”-ын хор хөнөөлийг мэдрэн сэрж, цаг хугацааг даван туулж, даяаршлын энэ эрин зуунд тэсч үлдэх нь Монголчууд бидний хувьд нэн чухал асуудал болоод буй. Ялангуяа зөөлөн хүчний энэ аюул нүдэнд харагдаж, гарт баригддаггүй, ихэнх нь мэдэрдэг ч үгүй, хор аюул нь 20-30 жилийн дараа илэрдэг учраас, яг одоо биднийг айлгаад байгаа Короно вирусээс хэдэн зуу дахин илүү аюултай гэдгийг өөрийн хуримтлуулсан өчүүхэн мэдлэг, судалгаанд суурилан сэрэмжлүүлэхийг хичээлээ.
Мөн үүссэн нөхцөл байдал болон түүнээс гарах арга замын талаар сонсгол, хэлэлцүүлэг, дэлгэрэнгүй тайлбар хийх боломжтойг энэ дашрамд бас хэлье.
Үндэс угсаа, тусгаар тогтнол, өв соёлоо хамгаалж тэмцсэн уран бүтээлчдээ өмөөрч бичлээ.

Сэтгүүлч,судлаач Бадмаабазарын Цондовдорж. 2020.11.29