Охиндоо бэлэглэж чадах хамгийн гоё ирээдүйг

Олж автлаа л ээж нь амьд явахыг хүснэ


Чамаас минь өөр надад үнэнч үлдэх хэнийг ч

Чанх тэнгэрийн доор олж харахгүйдээл итгэдэг

Учир асуун шалгаах шулга жаахан үр минь

Уудалж яримаар үнэнийг ойлгоход чи минь балчирхан


Сонсохыг хүсдэг үлгэрээс чинь тэс ондоо амьдралд

Сонголт гэж үгүйд л эмзэглэл оршдог шүү үр минь

Ээжийгээ нартай хамт хөтлөөд инээдээр булсан чиний хайртай зураг

Ээжийгээ настай хамт үүрээд эрдэнээр гоёсон чиний хайртай дүрслэл


Амьдралыг үнэлэх цаг хугацааны шалгуурт сонгодог нэгэн бүтээл болж

Агуу ертөнцийн гарт хадгалагдан үлдэнээ үр минь

Уулнаас өндөр одноос олон хайртай гэж хэлэхэд чинь

Уснаас гүн тэнгэрээс том хайртай гэж хэлэхэд чинь

Хамгийн гоё шүлгийг ганцхан чамаасаа л сонсохоор

Халуухан амийг чинь төрүүлсэндээ талархаад барахгүй болохоор

Эцсийн зогсоол хүртэл бурханы зурсан замаар

Ээж нь чинийхээ гарыг алгандаа цэцэглээд алхана

Элээх насныхаа тоог гүйцээж тушаахын цагтаа

Эргэж чамдаа л төрөхөөр алсхан яваад ирнэ

Энхрий охин минь чи хаврын ногоо шиг ургаж байна

Эмээг нь эргэхээр намрын шувууд буцаж байна

Өөрийгөө элтэл чи ээжийгээ санах болохоор

Үүрд амьдрахын шалтгаан ганцхан чамдаа л хорогдоно

Охиндоо бэлэглэж чадах хамгийн гоё ирээдүйг

Олж автлаа л ээж нь амьд явахыг хүснэ