Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2020.11.30

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.11.29-ний 06:00 цагаас 2020.11.30-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 257,990 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 25 объектын 12,461 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. Тухайлбал, тусгаарлан ажиглах байраар ашиглаж буй Алтай, Эрхэс, Намуун зочид буудлуудад ЗӨСҮТ-өөс хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн байдал хяналт тавьсан байна.

ОНЦЛОХ: Хөдөө, орон нутаг буцах хүсэлтэй иргэдээс шинжилгээ авч буй 22 цэгт 69 улсын байцаагч хяналт тандалт хийж ажилласан. Эдгээр цэгийн 16,044 м2 талбайд хийгдэж буй цэвэрлэгээ, халдваргүйтгэл, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж буй байдалд хяналт тавьж ажиллалаа.

Шинжилгээ авах эмч, эмнэлгийн ажилчдын өмсөх хамгаалах хувцас хэрэгсэл, комбинзон тараагдаагүйгээс 37, 39, 41-р сургууль дээр шинжилгээ цагтаа эхлээгүй, 4, 62, 39, 44-р сургуульд байрласан шинжилгээний цэгүүдэд хүн хоорондын зай барих дэглэм зөрчигдөж, бөөгнөрөл үүссэн, бүртгүүлээгүй иргэд ирж, дугаарлан зогссон зөрчил гарсан. Мөн хог хаягдлын уут, гар ариутгалын бодис хүрэлцээгүй зэрэг зөрчил илэрчээ. Бүх цэгүүдэд техникийн саатал гарснаар бүртгэл удаашралтай явагдсан. Хяналт шалгалт үргэлжилж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 8 эмнэлэгт хийж, зөвлөмж хүргүүллээ.

УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖ: Ундны усны эх үүсвэр, ус түгээх 2 байранд эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийж 4 дээж авчээ.

ХУД-ийн 11 дүгээр хороо, Астра вилла, Женерал таун хотхоны гүний худгийн цооногт халдваргүйжүүлэлт хийж контакт бариулах, шавхах үйл явц үргэлжилж байна.

ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 617 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 134 тээврийн хэрэгсэл, 181 жолооч, хилээр гарсан 130 тээврийн хэрэгсэл, 184 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 367 чингэлэг, вагон, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 284 чингэлэг, вагон болон Замын-Үүд өртөөний 1146 м2 талбай, Ачаа шилжүүлэн ачих ангийн 3368 м2 талбай, Сүхбаатар өртөөний 2075 м2 талбайд хийгдсэн ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Улаанбаатар хотын гүний 15 гаалийн хяналтын бүсэд 40 тир машины 2160 м2 талбайд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 47 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт хийж, зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад Налайх, Сонгинохайрхан дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс өдөр бүр хийж буй тандалтаар 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 1 эмнэлэг, 2 тусгаарлан ажиглах байр, 2 түргэвчилсэн оношилгооны цэгээс 1061.6 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Хог хаягдлын бүтцээр авч үзвэл эрүүл мэндийн байгууллагаас, 510 кг, тусгаарлах байрнаас 213.6 кг, PCR шинжилгээний 338 кг хог хаягдал цуглуулжээ. Цуглуулсан 1061.6 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 276 цэгээр 8009 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 282 улсын байцаагч хяналт тавьж, зөвлөгөө өгсөн байна. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор мал, мах, өндөг ачсан нийт 65 тээврийн хэрэгсэл, шалган нэвтрүүлэх товчооны 196 м2 талбайд халдваргүйтгэл хийхэд хяналт тавин ажилласан.

Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор 5 тээврийн хэрэгслээр 147.7 тн түүхий нүүрс дамжин өнгөрч, 17 тээврийн хэрэгслээр тусгай зөвшөөрөлтэй 490.8 тн түүхий нүүрс нэвтэрсэн байна. Тавантолгой түлш ХХК 2780.420 тн түлш үйлдвэрлэжээ.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Пийс виллаж хотхоны нөөцийн усны сав, гүний худгийн усанд хими, нян судлалын шинжилгээ хийгдэж байна.