“Алганы хээ” ток шоугаараа үзэгчдийн талархалыг хүлээдэг С1 телевизийн сэтгүүлч Тэгшжаргал “Хоолоо битгий гайхуул” уриалгыг гаргажээ. Энэхүү уриалгаараа хөл хорионы үед хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдийнхээ сэтгэлзүйд хүндэтгэлтэй хандахад чиглэсэн байна.


Тэрээр “Хоолоо битгий гайхуул
Үнэндээ би ч ухаараагүй байсан. Нэгэн дагагчаас минь надад ээжийгээ асарч, хажуугаар нь 2 дүүгийнхээ болон өөрийнхөө бор ходоодыг борлуулах гэж хичнээн зүдэрч байгаа талаараа бичсэн чат ирэв. Тэр шөнө хямраад би бараг унтаагүй.
Хөл хорио ХААЛГА бүхний цаана өөр өөр гэдэг зургийг бас санаж байв. Бүх юм 2 талтай. Гэр бүлээрээ ширээ тойрч амттай хоол идэж байгаа айл байхад аяга хоолоо хувааж идэх айл ч бий, бүүр идэх хоолгүй ч айл бий.

Хүнсгүйгээс болж хий харангадаж унасан, хүнсний тусламж хүлээсэн, хүүхдүүд өлссөн олон мянган айл байгаа. Хүнлэг сэтгэл гаргаж тэдэнд тусалж чадахгүй бол хийрхэх зан гаргаж хийсэн хоолоо энэ өдрүүдэд сторидохгүй, постлохгүй байхыг #улстөрчид #урлагийнхан #олнытанил #нөлөөлөгч #бизнес эрхлэгчид та бүхэнд уриалж байна.

#сошиалмедиа таны орон зай боловч тэнд чинь төрөл бүрийн амьдралтай төрөл бүрийн дагагч байгааг бүү март. Нэгэнд нь байгаа зүйл нөгөөд нь байдаггүй.
Ухаалгаар хүлээж авч, түгээж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Сэтгүүлч Г.Тэгшжаргал” гэжээ.