Хэдхэн хоногийн өмнө УОК-оос мэдээлэл хийж, 18 салбарын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон тухай дуулгасан. Үүнтэй зэрэгцэн Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Сандагсүрэн 17 градусаас илүүгүй дарс,пивог худалдаанд гаргахаа илэрхийлээд байв.


Уг шийдвэрийг Сандагсүрэн дарга ганцаараа гаргаагүй бөгөөд Засгийн газрын 11-р сарын 29-ны хуралдаанаар 17-гоос доош градусын согтууруулах ундааг худалдаалах санал гаргасныг дуулгасан.

Гэтэл Засгийн газрын шийдвэрийг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар хэрэгжүүлэхгүй гэдгээ албан ёсоор олон нийтэд зарлав. Тэрээр “Засгийн газрын хуралдааны үеэр дарс, шар айргийг худалдаанд гаргах талаар ярьсан. Зарах тодорхой шийдвэр гарсан мэтээр иргэд буруу ойлгосон байна. Үүнд тусгайлсан чиглэл нарийн зүйлс байхгүй. Энэ бол хотын шийдэх асуудал. Тодорхой баримт үндэслэл гарган шийднэ. Согтууруулах ундаатай холбоотой асуудал дээр нухацтай хандана. Улаанбаатар хотыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлбэл үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээх талаар ярилцаж байсан.

Гэвч Улаанбаатар хот өндөр эрсдэлтэй учраас архи дарстай холбоотой шийдвэр гарах нь эрсдэлтэй. Иргэд хөл хорионы дэглэмд байгаа гэдгээ ойлгож ухаарах хэрэгтэй. Бид мэргэжлийн байгууллагаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, саналыг нь хүндэтгэн үзэх хэрэгтэй. Хүн согтууруулах ундааг гэртээ ганцаараа уухгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ 10 хоногийн хугацаанд тэвчээртэй байхыг хүсэж байна. Нөхцөл байдлыг ашиглах мөнгө олох гэсэн хүмүүс байгаад харамсаж байна” гэв.

Түүний энэхүү шийдвэрийг өчигдөр сошиалд цацагдсан түүний тусгай тансаглал буюу халуун хэмжигч, металл илрүүлэгчтэй холбон ойлгох хүн олон байна.
Өөрөөр хэлбэл, өөрийнхөө мөнгөөр өөрийнхөө өрөөний үүдэнд дээрх багажуудыг байрлуулсан асуудал өндрөө авч иргэд олон нийт дургүйцлээ илэрхийлсэн учир хариу “мэх хийсэн” хэмээн иргэд ойлгож байна.
Д.Сумъяабазар даргын үйлдэл, үг бүхэн иргэд олон нийтийн дургүйцлийг төрүүлээд удаж буй. Иргэдийн дунд “Долгорсүрэн зааны хүүгийн хошиного урд өдрөө умалзана” гэгч болж байна даа, улс төрийн карьер нь дуусах дөхөж байна даа”, “Даргаараа оролдвол дарсгүй” гэх үгнүүд амнаас ам дамжин явж байна.