Харийн нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчууд эх орноо чин зүрхнээсээ санадаг. Монголдоо байхдаа эх орноо магтан дуулж , шүлэглэж, биширч байснаасаа шал өөр мэдрэмжээр “эх орон” гэдэг үгийг ойлгож хүлээж авдаг юм шиг санагддаг.

Хүний газар жаргаж зовж, ядарч баярлаж явахдаа буцаад очих өөрийн эх оронтой байна гэдэг ямархан их өмөг түшиг, сэтгэлийн нөмөр нөөлөг, омгорхол бардамнал байдгийг ямар ч сурталчилгаагүйгээр зүрхнийхээ гүнд мэдэрдэг.

“Эх орон” гэдэг буцаад очиход нөмөр нөөлөгтэй, дулаахан гэр минь юм. Эх орны минь уулс толгод нь ухаанаа цэгцэлж, үгээ цэнэж, үйлээ хянан байж намайг сургаж ухааруулдаг “аав” минь юм. Хэсэг хугацаанд завсарласаны эцэст “Харьцуулалт”-аа бичиж эхлэж буй энэ цаг хугацаанд харийн орноос нутгаа санагалзан энэ хэцүү цаг үеийг туулж байгаа монгол хүн бүрийн сэтгэлд хүрэх “Монголоо зорилоо” уран бүтээлийг онцлохоор шийдлээ.

“Монголоо зорилоо” уран бүтээлийг “Бэлхийн голын дуу” дуугаар нь бид бүхний мэдэх дуучин МУСТА С.Дэлгэртөр хөгжмийг бичсэн бол түүний эхнэр Д.Ган-Орхон шүлгийг бичжээ. Гэр бүлийн уран бүтээлчдээс төрөн гарсан уг уран бүтээлийг хамгийн анх амилуулсан хүн нь С.Дэлгэртөр.
Харин монголчуудын хамгийн их зорин очиж, ажиллаж амьдардаг БНСУ-д суугаа монголчуудыг монгол эх орноо зорих хүсэл мөрөөдлийг сэрээж, хааяахан нутгаа санан нууцхан нулимс унагаж байгаа тухай хүмүүсийн сэтгэгдэлээр сошиал орчинд танигдсан хувилбар бол дуучин Э.Баярмаагийн хувилбар юм.

Эх орны минь урсгал сайхан гол мөрөн минь, хатуу зөөлнөөрөө бүхнийг тэнцүүлж хайр энэрлээрээ цаг ямагт бялхаж байдаг “ээж” минь юм. Тэр ч утгаар эх орноо санан дуулах догдлол бүхий уран бүтээлийг эмэгтэй уран бүтээлч дуулсан нь хүний сэтгэлд илүү хүрснийг үгүйсгэхийн аргагүй ээ.
Наран мандахаас жаргах хүртэл цэнхэр гаригийн улс орон болгонд тархан суусан монголчууд эх дэлхийг аюул нөмөрсөн энэ хүнд хэцүү цагт эх орныхоо зүг саравчлан, санан тэмүүлж байна. Тэмүүлээд очих эх оронтой, тэврээд угтах ижий аавтай хүн бардам байдаг даа.
“Монголоо зорилоо” уран бүтээлийг хэн сайн дуулсанг та бүхэн өөр өөрийн оюун бодолдоо тунгаах биз ээ.

​​​​​​​​Б.Мөнхжаргал

“Монголоо зорилоо” Дуучин С.Дэлгэртөр

“Монголоо зорилоо” Дуучин Э.Баярмаа
Баярмаа – Монголоо зорилоо