Нийтийн тээврийн тоог нэмж, иргэд эрүүл, аюулгүй зорчих боломжийг бүрдүүлж байгаа гэдэг нь шал худлаа аж. Амьдрал дээр өглөө, автобусууд дүүрэн шахам зорчигчтой нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй.

Юун 1.5-2 метр зай барих, наалдаж нийлээд л зорчиж байна, иргэд. Мөн суудал цөм дүүрэн бөгөөд алгасаад суучих ухамсартай хүн нэг ч алга. Тэр ч бүү хэл, хүүхдээ дагуулсан хүн хоёр, гурав ч харагдсан. 3-4 настай болов уу гэмээр охин дагуулсан нэгэн эмэгтэйгээс “Ковидын үед хүүхдээ аль болох гадуур дагуулж явахгүй байхыг хүсэж буй. Учир коронавирусээр хүүхэд, хөгшид илүү их өвчлөх магадлалтай гэсэн” хэмээн учирлан лавлахад “Охин минь саяхан төрсөн.

Хүзүү, нуруун дээр нь хатиг гарчихсан гэнэ. Томыг нь би харж байгаа юм. Гэтэл одоо охиноо эмнэлэг явуулахын тулд багыг нь бас харах хэрэгтэй боллоо. Тэгээд явж л хүргэний гэр лүү явж байна” хэмээх хариулт өгөв.

Түүнчлэн өөр нэгэн эмэгтэйгээс ямар ажилтай явааг нь асуухад “Баянзүрх дүүргийн зарим ерөнхий боловсролын сургууль дээр коронавирусийн шинжилгээ авч буй. Үүний дагуу сургуулийн удирдлага биднийг хөтөч болон бүртгэл, цэвэрлэгээ хийлгэхээр дуудсан” хэмээлээ. Иргэд энэ мэтээр бүгд л тодорхой нэг шалтгаан хэлж байв.

Хөгшдийн олонх нь үр хүүхдэдээ туслах гэсэн юм, хоол унд дөхүүлэх гэсэн юм хэмээх хариу хэлсэн. Ер нь автобусаар зорчиж буй иргэдийн олонх нь албаны гэхээсээ илүүтэй хувийн ажлаар явж буй аж. Мөн коронавирусээс айгаад гэртээ суугаад өлбөрч үхэх болж байна уу гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ. Өөрөөр хэлбэл, коронавирус хэдий ч аюултай ч иргэд амьдралаа залгуулахын тулд ийн гадуур явсаар байна.

Энэ хэрээрээ нийтийн тээврийнхэн ачаалалтай ажиллаж байна. Үүнээс гадна, илт анзаарагдсан нэг зүйл ТҮЦ-үүд ажиллахгүй шалтгаанаар иргэдийн олонх нь жолоочид бэлэн мөнгө өгөх аж.
“Hi pay” цахим үйлчилгээ нэвтрүүлж, E-mart зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан U money карт цэнэглэж байгаад иргэд бэлэн мөнгө төлсөөр.

Төлбөргүй зорчиж буй цөөн хэд нь ахмадууд хийгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа.