Зүгээр л бодсын…

Нээрэн, би нэг юмыг ерөөсөө сайн ойлгохгүй байгаа. Энэ корона лав тэнэг ээ. Автобусанд суухаар ирж наалддаггүй хэрнээ машинаа унахаар манийгаа бариад идчихнэ гээд байгаа шүү дээ.

Өвлийн хүйтэнд автобусны буудал дээр зогсоод байхаар хүмүүсийн дархлаа улам л унамаар юм. Коронаг хөлдөөж алж байгаа нь тэр юм болов уу. Өө тийм, нөгөө гишүүдийн хэрэглээд байгаа тунгалаг тусгаарлагчийг сургуулиудын ширээнд суурьлуулаад хүүхдүүдээ нийгэмшүүлж, нийтийн дунд оруулж авахсан гэж бас бодох л юм. Манайхан аквариум урлаад л байдаг юм чинь амжуулаад хийчихнэ дээ.

Тэр хотын даргын өрөөний үүдэнд байдаг халуун хэмжигч, бас тиймэрхүү ариутгагчийг бүх албан байгууллага, компани, үйлчилгээний газрын тотгон дээр олж тогтоогоод хамаг юмаа нээчих юмсан. Тэгвэл ч амьдрал буцлаад, асуудал бага багаар шийдэгдээд аятай юу.

Англид хүмүүс гэртээ сууж байгаад, өөрсдөөсөө шинжилгээ аваад, онлайнаар хотынхоо эмнэлэг рүү хариуг нь илгээчихдэг хялбар тест зохиочихсон байна билээ. Дөрвөн ам бүлтэй айлд дөрвийг хаалгаар нь шагайлгаж өгөөд л боллоо. Гэтэл бид чинь шинжилгээ өгөх гэж махны дараалал шиг л манартал дугаарлаж байгаа шүү дээ. Дэлхий урагшлаад л байх юм, яагаад яг ноднингийн байран дээрээ гацчихаад, ганц арга хэмжээ нь ч урагшаа ахиагүй юм бол, өөрсдөд нь хэрэгтэй болохоор олоод л ирчихсэн байх юм оо. Бүтэн жил өнгөрөх гэж байхад амны хаалт, ариутгагч, нэг удаагийн хувцас хэрэглэлийг л шийдэж дээ.

Гэхдээ төр биш, нөгөө бизнесийнхэн, хувийнхан маань л оруулж ирээд, оёод хангаж байна. За за, зүгээр л бодсын.

Эмүжин