Цурманд оруулчихсан гэв үү, Содбаатар аа, цувуулаад хориогоо цуцлах уу?

Хорионы 22 дахь хоногт хожоотой мэдээ чих дэлслээ. Улаанбаатарт дэгдсэн иргэн Д-гээс гаралтай вирусын голомтыг Улсын онцгой комисс цурманд оруулсан тухай цухуйсан болгон нь ам алдаж байна.

Хамгийн сүүлд Архангайд илэрсэн жолооч бол иргэн Д-ийн гуравдагч хавьтал гэж мэдээлсэн. Түүнээс хойш нийслэлд сүүлийн зургаа хоногт гарч байгаа халдварууд бүгд иргэн Д-ийн хамааралтай хүмүүс бөгөөд, өнөөдрийг хүртэл өөр голомт нотлогдоогүй байгаа аж. За үүнийг бүр жанжин шугамын маршрут шиг зураад, сүлжээгээр нь тогтоогоод, халдвар авснаасаа хойш хэд дэх хоногтоо илэрч байгааг нь магадлаад, цурманд оруулаад явсаар байтал 22 хоног өнгөрчээ.

Одоогоор шинэ голомт, эх үүсвэр нь тодорхойгүй халдвар бүртгэгдээгүй бөгөөд эмч эрдэмтдийн нарын зөвлөж анхааруулснаар хэрэв энэ янзаараа, дахиад өөр сүлжээ үүсэлгүй найм хоновол хөл хорионы дэглэмийг буулгах нь. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар ажлын албаныхандаа даруухан мэдэгдэж, бизнес, үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзжээ. Янз нь хориог хаанаас нь, ямар үйлдвэрлэл, үйлчилгээнээс эхэлж цуцлахаа боловсруулж байгаа нь энэ гэсэн мэдээ байна. Хяналтын 14 хоногийн зургааг нь бид үглэж дуулсаар байгаад, энэ муу хэдийгээ муулсаар байгаад ардаа хийгээд авсан байна. Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын ард салбар, салбарын 22 эрдэмтэн зөвлөж байгаа бөгөөд академич П.Нямдаваа, доктор Ч.Хашчулуун, Ц.Лхагвасүрэн нарын Анагаах ухааны академи, Вирус судлалын нийгэмлэг, АШУҮС зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй нэг баг болон ажиллаж, үүссэн нөхцөл байдлаас гарах аргачлалаа боловсруулан, ковидын араас мөшгөсөн аж. Одоогоор нийт 8000 гаруй хүнээс шинжилгээ авсан, нийслэлд нийт 91 тохиолдол бүртгэгдсэн. Тэд бүгд иргэн Д буюу нэг л голомтоос тархсан нь тодорхой болсон.

Нийтээрээ шуугиад байгаа Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйлчлэгч эмэгтэйн нөхөр Энхсарангийн арын дэлгүүрт ажилладаг байсан нь тогтоогджээ. Энд онцолж хэлэхэд нийт шинжилгээ авсан 8000 хүний ердөө 50 хувь нь өөрсдөө ирсэн, бусдыг нь хөл хорьж, биднийгээ хот даяар 22 хоног суулгаж байж, УОК- ийнхон олж тогтоон шинжилгээ авсан ажээ. Эндээс юу харагдаж байна гэхээр ганцхан иргэн Д гэдэг алдарт голомт үүсэхэд л 8000 хүний эрүүл мэндийн асуудал хөндөгдсөн байна. Хэрэв УОК сайн муу хэлүүлж хөл хориогүй бол нөгөөх нь үржээд 20 мянга гараад талийх байжээ. Одоогоор маш хүнд оноштой зургаан хүний гурав нь хүндэвтэр ангилал руу шилжжээ. Ингээд маш хүнд-3, хүнд-5, хүндэвтэр-77, хөнгөн-360, нийт 445 хүн эмчлүүлж байна. Бод доо, ганц л голомтоос салаалахад 455 хүн өвдсөн байна. Гэвч ямартай ч сэжүүр болгоныг мухарлаж, сэжиг болгоныг хөөгөөд адагт нь хүрч байх шиг байна. Бид ч дэмий хоригдсонгүй, тэд ч дэмий зүтгэсэнгүй, цагдаа цэргүүд маань ч цаснаар гадаа дэмий зутарсангүй. За залуус аа, одоо та нар ч хичээ, бид ч хичээгээд хэд хоног гэртээ суугаатхая.

Өөр голомт илрэхгүй бол энгийн амьдралдаа шилжиж болох нь. Цурмаа хумиад, цааш гал алдалгүй дарчихвал хамгийн түрүүнд вакцинд зүтгээрэй, Содбаатар аа.

Эмүжин