Сумъяабазар аа, автобусаар хоёулаа хамт зорчих уу, үгүй бол бид унаагаа уная.

Тэр тусмаа Автобус-1 компанийн автобусаар хамт зорчих уу. Ямар ч дагуул, хамгаалагчгүйгээр, бас нөгөө хаалган дээр зоодог халуун хэмжигчгүйгээр суугаад үзэх үү? Автобус-1-ийн жолооч “Энхсаран”-гаас үүсэлтэй, иргэн Д-гийн гэх голомтод аль 12 дугаар сарын 1-нд бүртгэгдсэн хүн юм билээ.

Эмнэлэг болон хүчнийхэн хувь хүний эрх, нэр төрийг эрхэмлэн халдвартай хүний ажил, мэргэжлийг зарлахгүй байгаа. Иргэн Д гэж анх зарлаад л хангалттай хаширсан шүү дээ. “Энхсаран”-гаас болоод тэр залууг үндсэндээ хэлмэгдүүлсэн. Гэтэл таны автобусаар яв гээд хашаад байгаа нийслэлийн иргэд чинь хэлмэгдэхэд ойрхон байсныг хотын мээр та харж байна уу? Автобус хүлээж буудал дээр даарна, ороод чихэлдэнэ, дээр нь жолооч, зорчигчид бүгд халдваргүй гэдгийг хэн нотлох уу? Шадар сайд Я.Содбаатар голомтыг цурманд оруулснаа хэлж байгаа ч дахиад энд тэндээс үсрээд гараад ирэхгүй гэх баталгаа байхгүй. Яаж ч бодсон та өөрийнхөө машинаар явбал аюулгүй, халдвар авахгүй. Нийтийн унаанд суувал эрсдэл чинь шууд өснө. Гэртээ вирус тээгээд очиж ч мэднэ. Дээр нь та гаргасан шийдвэрүүдээсээ үргэлж буцаж байх юм, булзааруулаад байдаг юм уу, будлиу болоо юу? Тэгэхээр ингэж болох уу? Хоёулаа нийтийн унаагаар өдөржин хамт явъя, буудал дээр бас дааръя. Гадаа -26 хэм байгаа. Чадахгүй бол энэ нэг хорион дээр хорио нэмсэн тэнэглэлээ зогсоож болох уу? Нэг бол та вирустай хүч хавсарч байгаад Онц байдал зарлуулах гээд улс төрийн хожоо хараад сууна уу. Бөглөрөлгүй хот болгоно гэсэн амлалтандаа хүрчих гээд бөглөө болоод гүрийгээд сууна уу? Яадаг ч байсан та нарын дажингаас болоод хүмүүс даарч, хэлмэгдэж, эрсдэл дундуур туучих ёсгүй. Эсвэл энэ зүг чиг, зорилго ажил нь харсаар байтал зөрөөд, нэг нэгэндээ шавар хаагаад, шавхай болоод байгаа УОК, НОК хоёрынхоо учрыг Ерөнхий сайд та олж, нэг шугам дээр, нэг зам дээр гаргаж тавина уу?

Эмүжин