Зохиолын амин сүнс нь уран санаа, дүр хоёрт байдаг. Дууны уран бүтээлийн амин санаа үг, аялгуу, дуучиндаа байдаг гэлтэй.

Сайн үйлийг бүтээгээд

Санаа тэгшхэн яваарай

Саартай нааштай хорвоог

Салгаж ялгаж ойлгоорой

Үүрдийн хань чинь нэг шүү

Үргэлж хайрлаж яваарай

Үeийн нөхдөө түшээд

Үйлс тэгшхэн яваарай

Хэний ч сэтгэл эмзэг шүү

Хэлэх үгээ цэнээрэй

Хүрэн зүрхний гүнээсээ

Хүнийг хайрлаж яваарай гэж дуулдаг дууг монголын ард түмэн бүгд мэддэг гэхэд хилсдэхгүй. Энэ уран бүтээл бол Яруу найрагч С.Доднойн шүлэг, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны хөгжим “Санаа тэгшхэн яваарай” юм.

Уг дууг хамгийн анх МУАЖ Ш.Чимэдцэеэ Сүхбаатар аймгийн Соёлын ордонд байхдаа дуулж түмэн олонд хүргэж байжээ. Гэвч өнөөдөр тухайн уран бүтээл зөвхөн Монголын радиогийн фондод хадгалагдаж үлдсэн байна.

Харин Ардын жүжигчинг анх дуулсан цагаасаа төдийлөн хайхрахгүй байсан дуугаа дахин сэргээж тоглолтынхоо өмнө уг дууг үзэгч түмэндээ заахад хүргэсэн хүн бол дуучин, зураач Т.Бат-Очир юм. Тэрээр Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны дуунуудыг зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтэй дуулж өөрийн анхны тоглолтоо “Санаа тэгшхэн яваарай” дуугаар нэрлэсэн билээ.
Өөрөөс нь илүү дуулсанд сэм атаархав уу, гэнэт энэ дууг дуулдаг байснаа санав уу гэлтэй гавъяат “миний дууг зөвшөөрөлгүй дууллаа” хэмээн сошиал ертөнцөд маргаан үүсгэсэн ч тэгсгээд чимээгүй болсон. Хуучны дууг залуу уран бүтээлчид дуулах нь энгийн асуудал байхад юунд ингэж сандрав хэмээн сонсогч олон гайхаад өнгөрсөн.

Хуучны дууг сэргээж дуулах нь шинэ дуу дуулахаас ч хэцүү. Зураач, дуучин тэрбээр уг дууг өөрийн авъяас, мэдрэмжээр дахин амилуулж, шинэлэг хөгжмийн найруулгатайгаар бүтээжээ. Залуу үе түүний дуулсанаар л энэ дууг дахин мэдэж, уяран сонсож байна. Түүний уран бүтээлүүдийг ажиглавал түүнийг “уянгын дууч” гэж нэрлэж болохоор санагдана.
Өглөө сонссон дуу өдрийн турш аманд өөрийн мэдэлгүй аялагдах тохиолдол бишгүй дээ л бий… Ер нь монголчууд дуугаараа хорвоо ертөнцийг танин мэдэж, хүмүүжиж явдаг уяхан ард түмэн. Тиймдээ ч энэ мэт дуунуудын аялгуунд “согтоод” амандаа хүлхэж явдаг бизээ.

​ Эрэгтэй уянгын дууч залуу, эрхэм гавъяат хоёрын аль нь “Санаа тэгшхэн яваарай” дууг сайн дуулж амьдруулсанг дуунд дуртай монголын ард түмэн, цаг хугацаа харуулах бизээ.

Дуучин, зураач Т.Бат-Очир “Санаа тэгшхэн яваарай”

(1) Санаа тэгшхэн яваарай – YouTube

Жич: Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ дуулсан “Санаа тэгшхэн яваарай” дуу

Youtube-д байхгүй учир байгаа хувилбарыг орууллаа.

​​​​​​​​​Б.Мөнхжаргал