Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв. Төрийн тэргүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ,
УИХ-ын дарга аа,
Ерөнхий сайд аа
Хүндэт зочид оо,
Монголчууд аа, нийт ард иргэд ээ.
Улсын Их Хурлын сонгуулийн мөчлөг яг талдаа орж, Та бүхний иргэд, сонгогчдод амласан амлалт, мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудын тал нь ч болтугай биелсэн байх учиртай цаг үед УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж байна.
УИХ-ын танхим бол хоосон ярьж, цэц булаалдах бус бодит ажил өрнөж, шийдлүүд гаргадаг, тэр нь нийт улс орны ажил, амьдралд нөлөөгөө үзүүлдэг индэр байх учиртай. Харамсалтай нь, энэ танхимд хэлсэн үг, эндээс гарсан шийдвэрүүд амьдрал дээр хэрэгждэггүй, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хариуцлагагүй, идэвх санаачилгагүй байдал ноёлсноос ард иргэдийн итгэл алдарсан байдалтай 28 жил явж ирлээ. Маш их шүүмжлэл, асар олон санал санаачилга гарч байгаа ч хэрэгждэггүй буюу хэрэгжих үндэсгүй байгаа, төрийн албаны болон хуулийн байгууллагын завхрал, албан тушаалтны хэрэг илэрсэн ч хуулийн хариуцлагаас мултарч байгаа, баялагтай орон мөртлөө баялгийн эзэд ядуу байгаа зэргийн шалтгаан, уг үндэс нь явж явж нэг зүйл дээр тулж иржээ. Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна. 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ.

Хүмүүстээ биш, намдаа биш тогтолцоонд бүх асуудал байна. Ямар ч сайн хүн, нам байлаа гээд хариуцлагагүй, уялдаагүй, эзэнгүй тогтолцооны золиос болж, асуудлууд хуримтлагдсаар, нийгэм бухимдсаар байх тийм нөхцөл бат тогтжээ. Үүнийг нотлох гэхдээ олон тоо, баримт дурдаж болох ч илүүц гэж үзлээ. Ганцхан жишээ дурдахад, хоёр жилийн өмнөөс илчлэгдэж, яригдаж эхэлсэн “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийг эцэслэх талаар УИХ-ын чуулганыг завсарлуулахгүйгээр хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг би гаргасан. Дараа нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх нөхцөл байдал үүссэнийг сануулж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах санал хүргүүлсэн. Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхи нь бас шаардсан, Ерөнхийлөгч санал гаргасан зэрэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх ёстой. Гэтэл үүргээ биелүүлсэнгүй. Хууль тогтоох дээд байгууллага нь баталсан хуулиа үл тоомсорлох болсон нь эрх зүйн хямралын нэгэн тод, бодит жишээ.
Бид нийтээрээ засаглалын тогтолцооны мухардал, хямралыг гэтлэн давах шийдлийг олж, нийгмээрээ зорилгоо шинээр тодорхойлохгүй юм бол цаашдаа ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Манай одоогийн тогтолцооны чадвар, боломж нэгэнт бүрмөсөн шавхагджээ.

Би Ерөнхийлөгч болсноосоо хойш маш олон улстөрч, улс төр судлалын эрдэмтэдтэй уулзаж, энэ асуудлыг нухацтай авч үзсэний дүнд тогтолцооны хямралыг гэтлэх санал, шийдлүүдийг Эрхэм гишүүд та бүхэнд болон Монголын сонгогчид, нийт ард түмэнд толилуулахаар шийдлээ.
Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй юм байна. Зүйрлэбэл, бидний хамтран босгосон өрх гэрийн минь суурь, тулгуур баганад алдаа гарч, нурах эрсдэл үүсчихээд байхад бид нурааж, шинээр суурь цутгах, бат бөх тулгуур хийхийн оронд ганц нэг нэмэлт бэхэлгээ хийх, эрсдэл арилсан мэт сэтгэгдэл төрүүлэх гэж өнгөц засвар, будаг түрхэх төдий байдлаар өнөөг хүртэл аргалж иржээ. Одоо аргалж, хуурч хүчрэхгүй хэмжээнд хямрал тулж иржээ. Өрх гэр маань хэдийнээ хазайж эхэлсэн байна.

Хардах, яаран дүгнэхийн оронд та бүгдийг хүлээцтэй хандаж, асуудлыг эрүүл ухаанаар шүүн хэлэлцээсэй хэмээн хүсэж байна. Асуудлын гол нь нийгэмд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх чадвартай, нийгмийг удирдах, зохицуулах үүргээ хангалттай биелүүлдэг, тэр хэрээр ард түмэн нь ажилтай орлоготой, эрүүл, боловсролтой, амьдралдаа сэтгэл хангалуун, жаргалтай байх төрийг зохион байгуулах, эмхлэх, ажиллуулах тогтвортой тогтолцоотой болоход л оршиж байгаа.
Монголын төр хариуцлагын хямралд бүрэн өртсөн байна. Дэлхийн банк, бусад байгууллагуудын тодорхойлолтоор “Хариуцлага гэдэг нь шийдвэр гаргагчдаас асуудалд хариу өгөх, шийдвэр гаргах чадвар юм”. Иргэдээс “энэ болохгүй байна” гээд гомдол гарахад төрийн зүгээс хариу өгөх, шийдэл олох чадварыг хариуцлага гэдэг. Гэтэл хариуцлагатай байж, нийгмийн тогтолцоог авч явах ёстой парламент, Засгийн газар зэрэг институци нь өөрсдөө хариуцлагын хямралд орчихоод байгаа нь тодорхой боллоо. Эдийн засаг сайнгүй ядуурал, орлогын тэгш бус байдал газар авсан нь Засаглал муу байгаагийн илэрхий шинж тэмдэг юм.

2018 оны 9 дүгээр сарын 26-29-нд хийгдсэн улс төрийн барометрийн судалгаагаар 10 онооны үнэлгээнээс иргэдийн УИХ-д итгэх итгэл 3.3 хувь, Засгийн газарт үзүүлэх итгэл 4.5 хувь (МЕС) байна. Ард түмний төр засагтаа итгэх итгэл үндсэндээ алга болжээ. Төрийн институцүүд дундаж болон дунджаас доогуур үнэлгээтэй байна гэдэг нь итгэлцлийн хямрал эрсдэлт нөхцөлд байгааг зааж байгаа үзүүлэлт.
Нийгмийн бүх давхарга, улс төрийн бүлэглэл, судлаачдын хүрсэн ойлголт, нэгдсэн цэг нь засаглалын тогтолцоогоо Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан хийх эрс шинэчлэл болоод байна. Үүнийг Үндсэн хуулиар л хийнэ.
УИХ-ын Тамгын газрын судалгаа шинжилгээний хэлтсээс 2015 онд эрхлэн гаргасан МОНГОЛ УЛСТАЙ ИЖИЛ ТӨСТЭЙ ЗАРИМ ОРНЫ ЗАСАГЛАЛЫН БОЛОН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО, СОНГУУЛИЙН ХЭЛБЭРИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ товхимолд дурдсанаас үзэхэд 1992 оны Үндсэн хуулиараа монголчууд бид түгээмэл бус засаглалын тогтолцоо буюу дэлхийн 196 орноос Болгар, Финланд, Серби, Монтенегро зэрэг 4 оронд л байдаг хагас парламент-хагас ерөнхийлөгчийн холимог засаглалыг авсан нь хөгжлийн мухардалд хүргэснийг одоо харж, мэдэж байна. Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн нэг тогтолцооноос нөгөө шинэ тогтолцоо руу хийх шилжилтийг зохицуулахад чухал механизм болжээ. Одоо хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх ёстой болж байна. Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад “баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирлээ.

Эрхэм гишүүд ээ,
Та бид хамтран тогтоолцоогоо бүхэлд нь хамарсан реформ-эрс шинэчлэл хийхгүй л бол сонгуулиар амласан амлалт чинь хэзээ ч биелэхгүй, эдийн засагт ямар ч нааштай өөрчлөлт гарахгүй, Монголын төр үхээнц, хариуцлагагүй, нүсэр, үрэлгэн, төрийн алба нь намын хавсарга алба хэвээр үлдэх болно. Нэн яаралтай реформ хийхгүй л юм бол байгалийн баялагт хэт цөөнх хяналтаа тогтоосоор, баялгаас олох орлого ард түмэнд хүртээлгүйгээр гадагш урссаар л байх болно.
Тийм учраас би улс орныхоо ирээдүйн төлөө, хөгжил цэцэглэлтэд хүрсэн хүчирхэг Монгол Улсыг бий болгохын төлөө улс төрийн намууд, эрдэмтэд судлаачид, иргэд сонгогчидтойгоо хамтран бүх нийтээрээ эрүүл ухаанаар шүүн хэлэлцэх замаар тогтолцооны реформ хийе хэмээн уриалж байна.

Юны өмнө нийгмийн өнөөгийн болон ирээдүйн зорилт, хэрэгцээг бүрэн тусгасан шинэ Үндсэн Хуулийг бүх ард түмний идэвхтэй хэлэлцүүлэг, оролцоотойгоор батлан гаргая. Та бидний шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудал энэ болоод байна.
Шинэ Үндсэн хууль маань:
Монголын улс төр, эдийн засаг, баялгийн хуваарилалтад эрх мэдлээ бат тогтоосон хэт цөөнхийн бүлэглэлийн монополь эрх мэдлийг задалж, засаглал эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой, нийгмийн шаардлага, хүлээлтэд нийцсэн, ардчилсан, ил тод, тэнцвэртэй, харилцан хяналттай шударга тогтолцоо болгон өөрчлөх ёстой.
Байгалийн болон нийгмийн баялгийн ашиглалт, хуваарилалтыг ил тод, шударга болгон, бүх нийтийн хяналтад оруулах, хариуцлагатай нь давхар уях тогтолцоог бүрдүүлэх ёстой.
Үндэсний эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж, үндэсний ашиг сонирхолд харш олон улсын гэрээ, хэлэлцээр хийх явдлыг эгнэгт таслан зогсоож, хариуцлага хүлээлгэх заалтуудыг оруулж өгөх ёстой.
Шүүх, хууль, хүчний байгууллагыг өөрчлөн зохион байгуулж, эрх мэдэлтэнд бус иргэддээ үйлчилдэг, хуулиа чандлан биелүүлдэг, хариуцлага нь тодорхой, шүүх эрх мэдлийг зохистойгоор эдэлдэг болгон өөрчлөх ёстой.
Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн гаргаж, эдийн засаг нийгмийн амьдрал дахь төр ба намын оролцоо, ажлын заагийг тодорхой болгон, улс төржилт, улс төрийн намын бодлогоос төрийг ангид байлгах нөхцөл бүрдүүлэх ёстой.
Монголын нийгмийн жинхэнэ эзэд нь ард түмэн байж, эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох, ажилтай орлоготой байх нөхцөлийг нь төр ханган биелүүлэх үүргийг хоосон тунхаглах бус бодитоор хэрэгжүүлэх арга замыг тодорхой заасан, хариуцлагын механизмыг тусгасан байх ёстой.
Аливаа шинэчлэл реформ нь төр засаг, иргэдийн харилцан ойлголцол дэмжлэгтэйгээр явагдвал илүү амьд, илүү бодит шаардлагад нийцсэн болдог ажээ. Манайхтай төстэй системийн хямралд өртөж, мухардмал байдалд ороод байсан Гүрж улсад 2004-2012 онд реформыг төр засаг, ард түмэн нь ойлголцон эрчтэй хийснээр нийгэм, эдийн засгийн дорвитой өсөлтөд хүрч чадсан байна. Төрийн шинэчлэл юуны түрүүнд иргэдэд өгөөжөө өгдөг. 2003 онд Гүржийн ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 970 ам.доллар байсан бол 2012 онд 4130 ам.доллар болж дөрөв дахин өсчээ. Авлигын үзүүлэлтээр дэлхийн улсууд дотор 136 дугаар байранд жагсаж байсан Гүрж улс 2012 он гэхэд зуун байраар урагшилж, 35-д орж ирсэн байна. Бизнес эрхлэхэд таатай нөхцөлөөр 100-д бичигдэж байсан ч реформын дараа эхний 8-д бичигдэх хүртлээ сайжирчээ. Бизнес эрхлэлт бол иргэдийн тогтвортой амьжиргааг дээшлүүлэх гол үзүүлэлт юм. Гадаадын жуулчдын тоо 1249 хувиар өссөн байгаа нь мөн гайхалтай жишээ. Жуулчны тоо нь тухай улсын хөгжил, сайн засаглалтай шууд хамааралтай байдаг нь тогтоогдсон зүйл шүү дээ. Эрсдэлтэй, хөгжил муутай улсад зочлох хүсэлтэй хүний тоо эрс бага байдаг зүй тогтол бий. Гүржийн реформын хамгийн чухал нь хуулийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэл 5 хувь хүртэл унаж шалдаа буусан байсан нь 70 хувь хүрч эрс дээшилсэн бөгөөд одоо энэ түвшингээс доош орохгүй байгаа нь зөв тогтолцоо засаглалыг зөв залдгийг илтгэх нэгэн үзүүлэлт болжээ.

Би улс төрчид, ард түмэндээ хандан уриалж байна. Улс төрийн тогтолцоогоо оновчтой, цэгцтэй, ил тод, иргэдэд өгөөжтэй болгон өөрчлөх хариуцлагатай бөгөөд гарцаагүй хийгдэх ёстой энэ үйлст нэгдэхийг бүгд эвлэлдэн нэгдэхийг та бүхнээс хүсье. Реформоос хожих тал нь ард түмэн, хохирох нь төрийн эрх мэдлийг ашиглаж баяжсан олигархи цөөнх байх болно. Бусдын хийж чадсаныг бид чадах ёстой. Хөгжлийн явцад гарч буй өөрчлөлтийг тусгаж, шинэчлэлтийг хурдтай хийж чадсан нийгмүүд л хөгжил дэвшилд хүрдэг. Нийгмийн сорилт, шалгарлыг даван туулсан бусад ард түмний жишээнээс бид бүтээлчээр суралцах ёстой.
Эрх мэдэл горилсон, тулга тойрсон хэрүүл тэмцлээ орхиж, тогтолцооны реформыг зоригтойгоор нэн даруй эхлүүлэх нь Монгол Улсын, Монголын ард түмний язгуур эрх ашигт бүрэн нийцнэ.

Үндэсний эв нэгдлийг хангах үүргийг Үндсэн Хуулиар хүлээсэн албан тушаалтны хувьд Ерөнхийлөгч миний бие цэгц шударга төр байгуулах улс төрийн реформыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Учир нь Монголын ард түмний эв нэгдлийг шударга төр, хэрэгждэг хууль, ард түмний элбэг баян амьдрал л урт удаан хугацаанд ханган биелүүлж чадна.
Монголчууд бид хамтдаа өөрчлөлт, дэвшил хийж чадна. Гагцхүү үүнд нэгдэх, хамтрах л чухал юмаа.
Эрхэм гишүүд ээ, эрс шинэчлэлд бэлтгэгтүн, Үндсэн хуулиа ард түмний хүсэл зорилгод нийцүүлэн өөрчилж, тэднээр хэлэлцүүлэн дэмжүүлэгтүн. Үүнийг эс хийвээс түүхэн хариуцлагаас зугтаасан хэрэг болно. Тогтолцооны эрс шинэчлэлд намынхаа болон бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс хандваас үндэсний эрх ашгаас урвасантай дүйцэх хэмжээний гэмт хэрэг, нүгэл болох болно. Цаг үе бидэнд эрс шинэчлэлийг бас тулгаж байна. Үүнийг ард түмний өмнө хүлээх түүхэн хариуцлага хэмээн хүлээн авагтун.

Анхаарал тавьсанд баярлалаа. Амжилт хүсье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс хөгжин бадрах болтугай” гэлээ.