УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туул хүүгийнхээ төрсөн өдрийн мэндчилгээ болгож, хүүдээ ил захидал бичжээ. Түүний энэхүү захидал олон хүний сэтгэлийг хөдөлгөөд байгаа юм.
Ил захидалдаа “10-р сарын 1. Хайрт хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе!!!
Миний хөөрхөн Гэсэр,
Ээж нь өглөөнөөс хойш л юү бичих вэ гэж бодлоо.
Энэ өдөр чи бид 2 ын хувьд онцгой сайхан өдөр. Чи миний хүү, би чиний ээж болсон өдөр. Чи намайг ээжийгээ болоосой гэж сонгосон уу, цаанаас нь Бурхан хүссэн үү, ямар ч байсан хамгийн гайхамшигтай сонголт болжээ. Энэ амьдралд чи миний хүү ч урьд урьдын амьдралуудад чи миний аав ч байсан байж болох. Чи намайг асар их хайрлаж байсан болохоор би чамайг бас асар их хайрлаж байгаа ч байж болно. Чиний хааяа хэлэх хэт ухаантай үг ба үйлдлүүд чинь ээжийг нь ингэж бодоход хүргэдэг шүү. Би харин энэ цагт ээж чинь болохоор надад чамайг хариуцлагатай, хүнлэг, буяны төлөө бусдын төлөө явах хүчтэй, зоригтой, аз жаргалтай зөв хүн болгох үүрэг надад бий. Учрал бүхэн зөвхөн энэ амьдралд учиртай биш харин олон олон цагийг дамнасан утга учиртай болохоор өнөөдөр ээж нь чамайг өсгөхдөө зөвхөн энэ цагийг л боддоггүй ээ. Ямар ч цаг тоололд өнгөрсөн, ирээдүй ба одоо цаг нэг цэг дээр нийлдэг. Тэр нийлэх цэг нь одоо цаг юм. Одоо цагт миний хүү зөв явснаар чи өнгөрсөн ба ирээдүй цагийг аль алиныг нь засч, сайхан болгох чадвар чамд бий. Үүнд итгээрэй дандаа санаж яваарай, миний хүү.
Хайртай. Хайртай. Хязгаар үгүй хайртай.
Гэртээ ээж нь дуртай буузыг нь бэлдээд хүлээж байя!” гэжээ.
УИХ-ын гишүүн О.Содбилэг Э.Туул нар дөрвөн хүүхдийн ээж аав юм.