Яг нэг жилийн өмнө Мексикийн өмнөд хэсэгт 8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд энэ явдлыг тус улсад сүүлийн 100 жилд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж тэмдэглээд байна. Газар хөдлөлтийн дараа Салина Круз орчмын далайн усанд нэг метр өндөртэй давалгаа үүссэн нь цунами дагуулах вий гэж иргэд айж байв. Мексик нь дэлхийн таван тектоник хавтангийн уулзвар дээр оршдог. Үүгээрээ газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд тооцогддог байна. Гэлээ ч энэ нь том аюул биш гэж иргэдийн төлөөлөгчид хэлж байна.

Зургийн тайлбар: Мексикийн Авлигын эсрэг группээс 20 сая оршин суугчтай тус улсын нийслэлд 2017 оны 9 дүгээр сарын 19-нд газар хөдөлж нурж унасан 38 байшингийн 28-д нь судалгаа хийжээ. Францын хэвлэлийн агентлагийн зурагчин Давид Ганноны авсан зураг.

Мехико хотын 369 хүнийг амийг авч одсон газар хөдлөлтөөс нэг жилийн дараа тус улсын иргэний нийгмийн байгууллагууд “Энэ бол байгалийн гамшиг биш. Харин авлига болон хүний хайхрамжгүй хандлага, үйл ажиллагааны улмаас олон тооны барилга байшин нурсан” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мексикийн Авлигын эсрэг групп “Зардлаа хэмнэсэн барилгын компаниуд, авлигад идэгдсэн төрийн албан хаагчдын хамтын хүч оролцоогоор 2017 оны 9 дүгээр сарын 19-ний гамшиг болсон” хэмээн мэдэгдсэн байна. Барилгын компаниудын үйл ажиллагааг хянах үүрэгтэй төрийн байгууллагууд ажлаа хийхгүй байгааг иргэд буруутган шүүмжилсээр байна.

Тус улсын иргэний нийгмийн байгууллагууд газар хөдлөлтөд өртсөн 38 барилгын 28-д нь гүнзгийрүүлсэн судалгаа хийсэн бөгөөд албан ёсны бичиг баримтууд цуглуулж, нурангийг нарийвчлан шалгажээ. Иргэдээс ярилцлага авч өөрсдийн хэмжээнд шалган судлаад барилгууд цаасан дээр анх төлөвлөсөн материал, арга, техникээр баригдаагүй болохыг тогтоосон байна. Энэ тайлан нь орон нутгийн удирдлагууд болон үл хөдлөх хөрөнгийн компаниуд хоорондын хууль бус харилцаа холбоог илтгэсэн баримт болж байгаа ажээ.

Мексикийн Авлигын эсрэг группийн судлаач Салвадор Камарена “Газар хөдлөлт хүний амийг хороодоггүй. Албан тушаалтнуудын хайхрамжгүй байдал, авлигач үйлдэл, мөн барилгын компаниудын сувдаг сэтгэл газар хөдлөлтийн хор уршгийг нэмэгдүүлдэг” гэж хэлсэн байна.

369 хүний амийг авч одсон аймшигт газар хөдлөлтийн үеэр сураггүй алга болсон 7 настай охиныхоо тухай мэдээ хүлээж буй нэгэн ээж сурвалжлагчдад хандан “Хэн ч миний өвдөлтийг төсөөлж чадахгүй” гэж хэлсэн нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлсээр байна. 2008 онд Хятадын Сичуань мужид болсон аймшигт газар хөдлөлт ч мөн авлигын хор хөнөөл байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ. Энэ мужид газар хөдлөлтийн үеэр зөвхөн сургуулийн барилгууд нурсан бөгөөд хичээлээ хийгээд сууж байсан 10 мянга орчим хүүхэд амь насаа алдсан. Цорын ганц хүүхдээ алдсан эцэг, эхчүүд “Энэ бол байгалийн гамшиг биш. Чанаргүй барилга бидний хүүхдүүдийг амийг авлаа” хэмээн харуусан уйлж байсан юм.

Авлигын хор хөнөөлийг басах учир үгүй. Авлига гэхээр нэг тал нь хүсэл сонирхлоо илэрхийлж, нөгөө тал нь мөнөөх хүсэл сонирхлын дагуу боломжийг олгож байгаа үйлдэл. Хэргээ бүтээсэн хоёр тал хоёул сэтгэл ханамжтай үлдэх боловч хор хөнөөл нь эгэл жирийн ард иргэдэд, гэм зэмгүй үр хүүхдүүдэд тусдаг. Нэг хүн нөгөөгөөсөө мөнгө аваад болчихдог, дуусчихдаг, зогсчихдог явдал яавч биш. Тиймээс л авлига байшин нураадаг, хүний амь сүйтгэдэг хөнөөлт үзэгдэл мөн.

Нийтлэлч Т.МӨНХТУНГАЛАГ

2018.09.19.