Пауэрлифтингийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо болж байна. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулж буй энэхүү тэмцээнд 23 орны баг тамирчид ирж өрсөлдөж байгаа аж. Ази тивд анх удаа зохиогдож байгаа уг тэмцээнд 23 орны тамирчин, дасгалжуулагч албаны хүмүүс зэрэг 331 хүн манай улсыг зорин ирсэн байна. Манай улсаас 27 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Пауэрлифтингийн спорт нь хэрэглэл тоног төхөөрөмжийг өндөр түвшинд шаарддаг зардал өндөртэй бөгөөд дэлхийд тэргүүлэх Bull брэндийн тоног төхөөрөмжийг захиалан Монголдоо авчирсан юм байна. Энэхүү спортоор нас харгалзахгүй хичээллэж, өрсөлдөх боломжтой бөгөөд штангтай суулт, хэвтээ түлхэлт, газраас штангтай таталт гэсэн 3 төрөл байдаг. Энэ нь хүний үндсэн гол хүчний гурван төрөл дээр тулгуурласан спорт юм. Пауэрлифтинг нь дотроо хэрэглэлтэй, хэрэглэлгүй гэсэн төрөлтөй. Хэрэглэлтэй нь хүнд жингийн буюу даацын штангийг авахын тулд зориулалтын цамц, суултын трико зэргийг өмсгөж тамирчныг бэртэл гэмтлээс сэргийлдэг юм байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэй МК болон М4 ангилалын 47-84 кг, эрэгтэй М4 ангиллын 59-120 кг, эрэгтэй М3 ангиллын 59-83 кг-ийн жингийн өрсөлдсөн юм. Пауэрлифтингийн мастеруудын ДАШТ өндөрлөж хаалтаа хийх ажээ. М3 болон М4 ангилалд 70-80нас, 80-аас дээш насныхан оролцож байна. Пауэрлифтингийн ДАШТ-ийг л зөвхөн хөтөлдөг, АНУ-ын иргэн Жино энэхүү тэмцээнийг урилгаар хөтлөн явуулж байгаа ба зохион байгуулагчид дэлхийн стандартын дагуу бүхнийг хийж байгаа гэдгийг онцолж байлаа. Энэхүү тэмцээн энэ сарын 1-6 ны өдрүүдэд Холлидай Инн зочид буудалд зохигдож байгаа юм.

Сонирхуулахад, Монголын Пауэрлифтингийн баг тамирчид энэ он гарсаар 20 гаруй медалийг ДАШТ, залуучуудын ДАШТ, Ази тивийн АШТ-ээс хүртээд байгаа аж. ОУХМ Батаагийн Чимэдцэрэн ДАШТ-ий хэрэглэлтэй төрөлд рекорд тогтоогоод ДА болсон. Харин МУГТ Э.Содномпилжээ хэрэглэлгүй төрөлд хэвтээ шахалтаар Финланд улсад Дэлхийн АШТ-ээс 2 алтан медаль хүртсэн бөгөөд 2 ч рекорд тогтоосон юм. МПНХ-ны 13 салбар холбоо МУ-ын аймгуудад үйл ажиллагаагаа явуулдаг. Сүүлийн 3 жилд хөдөө орон нутагт салбар холбоогоо нээсэн. Улаанбаатар хотод энэ спортоор хичээллэгчдийн тоо 6000 дөхсөн. Жилээс жилд өсвөрийн тамирчдын тоо өсөн нэмэгдэж байна. Азийн ПХ 1984 онд үүсгэн байгуулагдсан. Энэхүү холбоо нь эгнээндээ 20 гаруй улсыг нэгтгэсэн юм байна.