Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн иргэнХ.Уудамсоёл нь хүсэлт гаргагч Г.Хүрэлбаатарын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд ханджээ.  Х.Уудамсоёл шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

 

-Та ямар шалтгааны улмаас шүүхэд хандах болов?

– Манай ах Г.Хүрэлбаатар нь 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд материал бүрдүүлж өгсөн. Би иргэний хэрэгт ахынхаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцлоо. Шүүх хурал 2018 оны 08 дугаар 16-ны өдөр болж манай ах Г.Хүрэлбаатарыг улсад ажиллаж байсан байдлыг шүүх тогтоож өгсөн. Миний хувьд тус шүүхээр 2014 оноос хойш ажлын шугамаар болон өөрийн эрхээ хамгаалуулахаар үйлчлүүлдэг юм. Шүүгч нар болон шүүгчийн туслахууд, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар нь зан харьцаа сайтай, мэдээллийг маш ойлгомжтой тайлбарлаж өгдөг, хүнд сурталгүй, чирэгдэлгүй ажилладагт нь баярлаж явдаг даа.

– Та шүүх шинэ бүтэц, зохион байгуулалтад орсноос хойш үйлчлүүлж байгаа олон иргэдийн нэг. Танд шүүхийн шинэтгэл хэр санагдав?

-Шүүхийн үйлчилгээний чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт орсон. Шүүхэд хандах, үйлчлүүлэхэд хялбар болсон. Тухайлбал, шүүхийн шинэтгэлээс өмнө шүүхийн захиргааны ажилтнууд тус тусдаа өрөөнд суудаг, орж үйлчлүүлэхэд хүндрэлтэй байлаа. Харин Шүүхийн үйлчилгээний төв нээгдсэнээр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүгчийн туслахууд нэг дор байрлаж иргэдэд ойр дөхөм ажиллаж байгаа нь маш их таалагдаж байна гэв.