…Авлигатай тэмцэх газар тэр сургуулийн захирал, энэ цэцэрлэгийн эрхлэгчийг газар дээр нь саатууллаа. Энэ сумын Засаг дарга хандив нэрээр авлига авч хэмээн… үгүй мөн сүрхий ажиллаж байна. Гэхдээ цаана чинь сарын 5.4 сая төгрөгийн цалинтай, өмнө нь санхүүч байхдаа төслийнхөө мэдээллийг задруулсан хэргээр халагдаж байсан нөхөр хэн нэгний татаасаар өнөөх хөөгдсөн төслийн багийнхаа удирдагчаар орж ирээд бужигнуулж байгааг шалгаач, Х.Энхжаргал дарга аа. Танд томчуудтай үзэх зориг, тэдний багийг шалгах хүч дутаад байна уу.

…Тус төслийн багийнхны хийж, хариуцаж буй ажил тоглоом биш гэдгийг монгол хүн бүр ухаарч, хянах эрхтэй. Учир нь тэнд ажиллаж байгаа нөхдийн цалин /ядахад цалин нь хичнээн өндөр гээч, хамгийн доод хүн 2.5 сая төгрөг авдаг, нийт 10 гаруй хүн ажилладаг/ хангамж, төсөл тендэр хэлбэрээр олгож буй ширхэг төгрөг бүрийг хүүтэй юутай нь бид буцаан төлөх ёстой. Нэг цэцэрлэг, нэг сургууль, нэг эмнэлэг барих мөнгийг хэн нэг улстөрчийн фракц зоргоороо шийдэж, цацаж байхвий… Яагаад үүнийг шалгаж, хянаж чаддаггүй юм бэ, У.Хүрэлсүх сайд аа.

Уг нь уг төслийн багийн ажлыг Сангийн яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газар хянах ёстой гэж байгаа. Гэтэл өнөөх төслийн багийн зохицуулагч Д.Авирмэд нь “Бидний ажлыг Азийн хөгжлийн банк хянаж байгаа” гэсэн ухааны ярилцлага өгч биеэ өмөөрч сууна. Зээл олгож байгаа газарт бүхнээ даатгачихсан суугаа энэ хүн эл газарт удирдагч хийгээд сууж таарах уу?

…Хамгийн сүүлд шалгаруулсан гэх тендэр нь бөөн хэл ам, гомдол, маргаан… Монголын компани 6.2 сая ам.долларт багтааж хийж чадна аа гээд байгаа ажлыг нь “ээ, бүтэхгүй байх” гээд 9.1 сая ам.долларт хийнэ гэсэн гадны компанид өгч байна. Яагаад монголчууд чадахгүй гэж, эл дүнгийн зөрүү 7.8 тэрбум төгрөг хайран биш гэж үү. Өнөөхөө мань Д.Авирмэд нь “НӨАТ-ын 10 хувь нь Монголд үлдэж л байгаа шд” хэмээн хэдэрлэн хариулж байх.

… Харсаар, мэдсээр байж ийм өндөр өртгөөр зээл аван аван ажиллах хэрэгтэй юү. Бидний татварын мөнгө эрхэм Д.Авирмэдэд хайран биш үү.

…АТГ, Засгийн газрын тэргүүн нь хянаж, шалгаж, зогсоож чаддаггүй юм бол Монгол Төрийн тэргүүн Х.Баттулга та анхаарлаа хандуулж өгөөч. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” нэрт төслөөр хэн нь мэдэхгүй нөхөд үнэндээ л наадаж, наргиж байгаа бус уу…

…Өөрийгөө өмөөрөн хаацайлж буй Д.Авирмэдийн удирдсан Төслийн багт аудит оруулж, ажлын нь үнэн мөнийг шалгах цаг болоогүй юу. Өмнө нь төслийнхөө дотоод мэдээллийг задруулсан хэмээн халагдаж байсан нөхөр яахаараа эргээд дарга нь болоод буцаад ирдэг юм, ямар хүнд хэцүү ажил болоод сар бүр 5.4 сая төгрөгийн цалин хангамж эдлээд сууж байгааг шалгаач, АТГ-ын дарга аа.

…. Тус төслийн багийн цалин хангамжаас эхлэн мөнгөний тоолуурт эргэлдэж буй ширхэг төгрөгийг ч хүүтэй нь хамт Монгол Улс буцаан төлнө гэдгийг бүү март, Ерөнхий сайд аа…

Эх сурвалж: Улс төрийн тойм