Дөнгөж сая УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Ингэснээр үндэсний хэмжээний хамгийн чухал салбар болох хүнс, хөдөө аж ахуйн салбар удирдлагагүй болж байна.

Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар нэн яаралтай дараагийн сайдыг томилж, зөв голдиролдоо орж яваа энэ салбарыг эзэнжүүлэх шаардлага үүслээ.

Дараагийн сайд хэн байх талаар аль хэдийнэ Төрийн ордны дотор болон гадна бор шувуу нисч эхлээд байна. Яригдаж байгаа хувилбаруудад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан, Б.Саранчимэг болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын нэр байгаа аж.

Л.Элдэв-Очир гишүүний хувьд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог удирдаж байгаа. Харин Д.Тогтохсүрэн гишүүн хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан туршлагатай гэгддэг. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын хувьд Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг, улсын үр тариа, хүнсний ногооны 60 гаруй хувийг дангаар нийлүүлдэг том аймгийг удирдаж байгаа. Тиймээс салбарын сайд байх магадлалтай гэгдэж буй бололтой.

Ямартаа ч стратегийн чухал салбар гэгддэг хүнс, хөдөө аж ахуйн салбар ургац хураалт дуусч, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн базаах, тариачдын хураасан үр тариаг хуваарилах, хүнсний ногоог иргэддээ хүргэх, зоорилох гээд ид ажил өрнөх цагаар сайдгүй боллоо. Тиймээс Ерөнхий сайд цаг алдалгүй дараагийн сайдыг нэр дэвшүүлж, УИХ-д өргөн барих шаардлага хоолойд тулаад байна. Эс бөгөөс одоо л зөв гольдролдоо орж, эрх зүйн болон бодлогын хувьд хөгжлийн хөрс сууриа бүрэн бэлдээд байгаа энэ салбар эзэнгүйдэж, өдий хүртэл явж ирсэн өөрчлөлт талаар өнгөрөх эрсдэл тулгараад байна.