Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам, орчин үед Буддын шашны ном сургаалыг энгийн иргэдэд тайлбарладаг төвүүд их хэрэгтэй. Монголын залуучууд та нар өөрсдөө жижиг жижиг бүлгэмүүд байгуулаад Буддын шашны сургаал, онол зэргийг хоорондоо ярилцаж, санаа оноогоо солилцож бай. Ийм төвүүдийг энэтхэг, төвд залуучууд Энэтхэгийн Дарамсалад олноор байгуулж байгаа. Их үр дүнтэй, ач тустай юм байна лээ. Буддын шашны нотлохуй ухаан бол бүх ажил мэргэжилтэй хүмүүст ач тусаа өгнө. Та бүхэн Буддын шашны нотлохуй ухааныг эзэмшээд ажил төрөлдөө ашиглаа гэж айлдсан билээ.

Монголын Бурханы шашинтны нийгэмлэг бол Далай ламын сургаалыг бодитойгоор биелүүлж буй байгууллага юм. Тус нийгэмлэг энгийн хүмүүст Бурханы шашны сургаал, номлолыг тайлбарлаж, орчин үеийн Бурханы шашинтныг бэлтгэхийг зорин нэг сарын хугацаатай сургалт зохион байгуулж байна.
Уг сургалт сүсэгт суурилсан бус харин мэдлэгт суурилсан Бурханы шашныг иргэдэд түгээх зорилготой. Хэрэв мэдлэгт суурилсан Бурханы шашныг энгийн иргэдэд түгээвэл орчин үеийн, мэдлэгтэй Бурханы шашинтныг олноор төрүүлнэ гэж МБШН-ийн багш, гавж Д.Нямсамбуу хэлж байна.

Орчин үеийн, мэдлэгтэй Бурханы шашинтан гэж хэнийг хэлэх вэ? гэвэл шашныхаа ертөнцийг үзэх үзлийг мэддэг, сайн үйл хэргээрээ үүнийгээ илэрхийлдэг, өөрөө өөртэйгээ тэмцэж, муу сэтгэлээ дийлж, өөрийгөө засаж байж л амар амгаланг олохыг ухаарсан хүнийг хэлэх аж. Түүнээс биш Бурханы шашны талаар юу ч мэдэхгүй байж, зовж ядрахдаа л “Намайг авраачээ, би мөнгө өгсөн шүү!” гээд Ганданд очиж хүрд эргүүлдэг, ламд өргөл барьц, “хээл хахуул” өгч ном уншуулдаг хүний хэлэхгүй гэнэ.
ХХI зуунд Монголд мэдлэгт суурилсан Бурханы шашин маш чухал. Угаасаа л мэдлэгт суурилсан бүхэн чухал болсон зуун бол ХХI зуун. ХХI зууны хувь хүн бол аливааг “Энэ юу вэ?” гэж эргэцүүлэн бодох ёстой. Мухар сүсэг бол хүний эргэцүүлэн тунгаах чадварыг сохолдог. Буддын шашны нотлохуй ухаан асар гүнзгий. Энэ давуу талаа ашиглаж хүмүүст хүрэх хэрэгтэй гэж Д.Нямсамбуу ярьж байлаа.

Тэрбээр мөн: Монголчуудын дийлэнх нь Бурханы шашинд даатгалын компани шиг хандаж хар амиа хаацайлан лам хуврагуудад мөнгө өгч байна. Энэ бол таатай хэрэг биш. Бурханы шашин бол үйлийн үрийг л номлодог. Зөв юм хийвэл зөв сайхан байна. Буруу юм хийвэл буруу байна. Энэ чинь зүй тогтол юмаа гэж л номлодог. Орчлон хорвоод та нар бие биенээсээ хамааралтай, бие биендээ хэрэгтэй. Тийм болохоор та нар бие биенээ хүндэлвэл жаргана шүү гэдэг аргыг л Бурхан багш зааж өгсөн. Түүнээс биш надад л итгэвэл, юунд ч бүү санаа зов. Би бүгдийг шийднэ гэж хэлээгүй. Бусад зарим шашинд Ертөнцийн эзэн гэж байдаг бол Бурханы шашинд Бурхан багш гэж бий. Бурхан багш сохроор дагаж мөрдөхийг шаардаагүй. Харин аливааг эргэцүүлж, тунгааж байж мөрдөхийг зөвлөдөг. Тиймээс Бурханы шашинд зөв амьдрах аргыг нь зааж өгдөг. Бурханы шашны аврах, аврагдах зарчим бусад зарим шашнаас ялгаатай. Хэрэв бусад зарим шашинд хүн хүсээд, итгэх л юм бол аврагдана гэж сургадаг бол харин Бурханы шашинд хүн хэчнээн аврагдая гэж бодсон ч үйлийн үр байвал аврагдах боломжгүй. Тиймээс л өнөөгийн монголчууд бид сайн юм хийвэл сайн үр дагавартай, муу юм хийвэл муу үр дагавартай, бид нэгнээсээ хамааралтай гэдгээ ухаарвал манай нийгэм сайн сайхан болох учиртай. Нэг нэгнээ хүндэлдэг, бусдын эрх ашгийг эрхэмлэдэг үзэл Бурханы шашны сургаалыг зөв ухаарсан цагт бий болно гэж сургаж байлаа.

Үнэхээр нийслэлийнхэн бид нэг нэгнээсээ хамааралтай гэдгээ мартсан мэт амьдардаг. Бүгд л “би, би”, “надад, надад” гэсээр ээлж ээлжээрээ таггүй траншейнд унаж үхэцгээх нь. Ер нь зөвхөн онгорхой траншей ч биш ер бүх юманд монголчуудын хувиа хичээсэн, мунхаг чанар харагддаг билээ. Нэг нэгэндээ зам тавьж өгдөггүй. Оочерлож чаддаггүй. Баярлалаа гэж хэлдэггүй. Энэ бүхэн “би бусдаас хамааралгүй тусгай хүн” гэдэг бодлоос бий болсон. Хэрэв монголчууд хамаг юмс харилцан хамааралтай гэдэг Буддын шашны сургаалыг зөв ухаарч, мэддэг бол ядахнаа ухсан нүхээ тойруулаад хашлага бариад, хүн амьтан унаж гэмтэхээс сэргийлэх л байсан. Гэтэл тэгдэггүй нь даанч харамсалтай… Энэ бүхнээс харахад Бурханы шашныг ард иргэддээ зөв ойлгуулж, нийгмээ хүнлэг, соёлтой болгоход ашиглах нь их чухал гэдэг нь тодорхой.
“Бидний амьдрал аль нэг далдын ид шидээс хамаарах биш харин өөрсдөөс маань хамаарна. Тиймээс зовлонгын шалтгааныг өөрөө өөрөөсөө л хайх чухал. Ерөөсөө л харилцан хамаарал, зүй тогтолын үүднээс жаахан ухаж үзэхэд л бусдыг хүндлэх надад ашигтай юм байна гэдгийг ойлгоно. Машин жолоодоод эам дээр явахад дүрэм журмаа мөрдөөд, нэг нэгэндээ зам тавиад сурчихвал эргээд энэ үйлдэл нь өөрт нь ашигтай болно гэдгийг харилцан хамаарал, зүй тогтолын үүднээс ч батлагдана” гэж Д.Нямсамбуу нотолж байна.

Түүний хэлсэн маргашгүй үнэн билээ. Монголчууд буян хийнэ гэдгийг өдөр тутмын амьдралаасаа тустай, хааяа нэг дотны хүн нас барахад хийдэг зүйл гэж ойлгоно. Гэтэл тийм биш. Хүн унаад гэмтэж бэртчих вий гээд траншейны тагыг таглахад ч гэсэн буян болно. Мөн ядарсан хүнд автобусанд суудал тавьж өгвөл ч буян болно. Тиймээс ч Бурхан багш “Буян хийвэл амар амгаланг олно” гэж айлджээ. Харин өнөөгийн монголчууд бидэнд хийсэн үйлдэл маань хамаагүй. Харин том мундаг ламд очоод л “бүх юмаа аргалуулах” хангалттай байдаг. Энэ бол буруу гэдгийг гавж Д.Нямсамбуу бас хэллээ.

“Буддын шашинд ид шид гэмээр зүйл бий. Гэхдээ энэ бол голлох хүчин зүйл болдоггүй. Ном уншуулж байгаа хүмүүсийг Бурхан багшийн айлдаагүйг хийлээ гэвэл туйлшрал. Мөн Бурхан багшийн хий гэснийг хийж байна гэвэл бас туйлшрал. Миний бодлоор бол бид голлох хүчин зүйлээ, гишүүн хүчин зүйлээр л солиод байна даа” гэж Д.Нямсамбуу хэлээд Бурханы шашны цөм бол хүн өөрөө өөртөө аврал гэдэг сургаалд л оршино. Аливаа ид шид бол хэзээ ч Бурханы сургаалын гол цөм нь байгаагүй гэв.

Далай лам мөн ч үүн лүүгээ агаар нэг сургаал айлдаж байсан. Тэрбээр Бурханы шашны талаар мэдлэгтэй байх нь хоосон сүсэгтэй байхаас чухал шүү. Бурханы шашны талаар ч ямар ч мэдлэггүй байж, өвдөж шаналахаараа л сүм хийдэд очих нь XXI зууны Буддын шашинтанд тохирохгүй. Ганжуур, Данжуур бол Бурханы шашны сургаал. Ганжуур, Данжуурыг хүн бүр уншиж, амьдрал ахуйдаа хэрэглэдэг байх ёстой. Ганжуур, Данжуур зөвхөн сүм хийдэд л байх ёстой ном судар биш гэж айлдсан билээ.

Д.Нямсамбуу, “Хүн төрөлхтний мэдлэг, хувь хүний мэдлэг хоёр адилхан шахам байсан үе бий. Хүй нэгдлийн үед нэг гэрийн эзэн арслан заан, барыг яаж агнах уу, арьсыг нь яаж элдэх үү гэдгийг л мэддэг байхад хүн төрөлхтний мэдлэгийн хязгаарт хүрлээ гэсэн үг. Харин одоо шинжлэх ухаан асар хөгжлөө. Ганцхан жишээ татахад л Бурханы шашин судлал асар гүнзгийрсэн. Одоо түүхийн шинжлэх ухаан ч мөн адил. Дэлхийн бүх цаг үеийг мэддэг хүн гэж байхгүй” гээд хэрэв эрт дээр үед Бурханы шашин сүсэгт суурилан түгдэг байсан бол одоо мэдлэгт суурилсан Бурханы шашныг түгээх цаг хугацаа болсныг онцолж байлаа.

Манай ард түмэн харьцангуй боловсорч бүгд шахам бичиг үсэгтэй болж, аливаа зүйлсийг эргэцүүлэн бодох чадвартай хүмүүс олширсон өнөө үед Бурханы шашныг онолын түвшинд ч энгийн хүмүүст тайлбарлаж, сургах ёстой гэж Д.Нямсамбуу үзэж байна.

Бурханы шашны агуулга гүн гүнзгий болохоор ард иргэддээ бүрэн ойлгуулж чадаагүйгээс тухайн нэг улсад Бурханы шашин мөхөж, буурч байсан тохиолдлууд дэлхийн түүхэнд байдаг байна. Жишээ нь, эртний Энэтхэгт хаа ч байгаагүй, Бурханы шашны алдартай Наланда гэдэг том сургууль байжээ. Наланда сургуулийн эрдэмтэн багш нар Бурханы шашны оргилд хүрч, янз бүрийн ид шидийг эзэмшин, сургууль дотроо нисч явдаг байсан гэж домогт гаргадаг гэнэ. Гэтэл муслим шашны эзлэгчид Энэтхэгийг эзлэн Наланда сургуулийг устгахад Бурханы шашин Энэтхэгт бараг үлдээгүй ажээ. “Зөвхөн оройг нь тайрчихад л Бурханы шашин ард түмний дунд үлдээгүй. Бурханы шашин хэтэрхий онолын түвшинд хөгжиж, энгийн ард түмэнд ойлгомжгүй, байснаас болж энэ явдал болсон” гэж Д.Нямсамбуу ярьж байлаа.

Тиймээс ч нэгэнт л монголын ард түмний соёл, ахуйд бүрэн шингэж, салгахын аргагүй болсон энэ шашнаа улс орныхоо хөгжилд тустайгаар зөв дэлгэрүүлж, хөгжүүлэх нь өнөөгийн шашны зүтгэлтнүүдийн өмнө тулгарсан том сорилт гэж тэрбээр үзэж байна.

Сүсэгт тулгуурлаж түгээсэн Бурханы шашны өнгөрсөн зуунд үүргээ гүйцэтгэжээ. Шашин шүтэхийг хориглосон ХХ зуунд ард түмэн “элгээрээ” Бурханы шашнаа үгүйлсээр, бүрмөсөн марталгүй өнөө үед ирсэн байна. Харин одоо Бурханы шашныхаа талаар мэдлэгтэй, зөв ойлголттой энгийн иргэдийг хүмүүжүүлэх нь нийгмийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулна. Тэгээд ч Бурханы шашин бол орчин үеийн хүн төрөлхтний оюуны нэгэн их өв. Үүний талаар орчин үеийн хүн заавал мэддэг байх ёстой. Өнөөгийн хэт материалист, хэрэглээний нийгэмд Бурханы шашин “материализмын хэт халалтыг хөргөж, дотоод сэтгэлийн амар амгаланг олоход нь туслана” гэж Д.Нямсамбуу салахынхаа өмнө хэллээ.

Үнэхээр сүүлийн үед уул уурхайн хөгжлийн сөрөг үр нөлөөг нь багасгахын тулд манай улстөрчид төдийгүй ард иргэд ногоон хөгжил, тогтвортой хөгжил гэж их ярих болсон. Байгаль дэлхийгээ баяжихийн тулд сөнөөчихвөл ирээдүйд яаж хөгжих билээ. Тэр утгаараа тогтвортой хөгжлийн үндэс бол ногоон хөгжил юм. Үүнтэй нэгэн адил материализмын “хэт халалтын” үед ард түмний сэтгэлийг тайтгаруулж тогтвортой хөгжлийн үндсийг хангах бас нэг чухал хүчин зүйл бол Бурханы шашин. Бурханы шашин материализмын хэт халалтыг баланслуулж, монголчуудын сэтгэлийг чиг, зорилготой болгоход тусална. Тийм учир бид Бурханы шашныг зөв ашиглаж, нийгмээ хувь хүнээрээ, “өөрөө өөрсдөөрөө” дамжуулан хөгжүүлэх нь зөвхөн шашны зүтгэлтэн бус мөн бүх л хүн ардын үүрэг билээ.