Нийтийн дуэт дуучдыг залгамжилж үзэгч сонсогчдынхоо хайр талархлыг хүлээж байсан хос дуучид бол яах аргагүй Б. Болд, Э. Чулуунчимэг нар юм. Гэвч хосууд хэл амтай,  ихээхэн дуулиан шуугиантай хоёр тийш болсон.

Б. Болд дуучин Х. Мөнгөнцэцэгтэй хамтарсан уран бүтээлүүдээ гаргаж “Кино концерт” хийгээд амжсан бол дуучин Э. Чулуунчимэг өөрийн охин Б.Аялгуутай хамтарсан шинэхэн уран бүтээлээ өнөөдөр  фенүүддээ толилууллаа.

Энэ ертөнцийн хамгийн гоё хайр “эх үрийн хайр” билээ. Чухам л энэ тухай дуулах яруу найрагч Б.Болорцэрэнгийн үг, Хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын аялгуу “Хамгийн гоё хайр” дууг та бүхэндээ хүргэж байна.

ХАМГИЙН ГОЁ ХАЙР
Ээж ээ та миний
Инээдээр будсан наран
Ээж ээ би таныхаа
Хайраас татсан солонго
Үр минь чи ээжийнхээ
Үнсэхэд сэрдэг дэлхий
Үгээр хэлэхийн аргагүй
Сэтгэлийн их амгалан

Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай

Ээж ээ та миний
Хамгийн гоёхон цэцэг
Ээж ээ би таныхаа
Хамгийн хөөрхөн эрвээхэй
Охин минь чи ээжийгээ
Олоод ирсэн жаргал
Орчлонд талархаад барашгүй
Хамгийн нандин бэлэг

Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай

Ээж ээ та миний
Энгүй дээд бурхан
Ээж ээ би таныхаа
Энэхэн насны гоёо
Энхрий чи минь ээжийнхээ
Эрхэм нандин эрдэнэ
Илүү ихийг хүсэмгүй
Амьдралын минь даль жигүүр

Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай

Нарнаас ч том хайртай…