Facebook сүлжээгээр дамжуулан олон нийтэд сурталчилж, түүнийгээ хүргэлттэй үйлчилгээгээр болон дэлгүүрт борлуулж буй зарим барааг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ.

Тухайлбал Facebook-ын “heregtseetbaraa.mn” гэсэн хуудас, дэлгүүрээр дамжуулан, “хараа сайжруулах эмчилгээний нүдний шил” хэмээн сурталчлан борлуулж байсан барааг Баянгол дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Учир нь энэхүү хуудсаар дамжуулан борлуулж буй нүдний шилийг Тавин ус эмийн сангийн ОХУ-аас албан ёсоор нийлүүлдэг “Супер Вишн” бүтээгдэхүүнийг дууриалган Хятадад үйлдвэрлэн оруулж ирдэг байна.

“heregtseetbaraa.mn” хуудсанд уг нүдний шилний талаар сурталчлахдаа “Тавин ус” эмийн сангийн албан ёсоор борлуулдаг “Супер Вишн” нүдний шилний зураг, танилцуулгыг тэр чигээр нь хуулж тавьсан байжээ.

“Супер Вишн” нүдний шилэн дээр гаргасан нүхнүүдийн диаметр хэмжээ, дүрс хэлбэр, хазайлтын өнцөг зэргүүдийг эрдэмтэд нарийн тооцоолж хийсэн байдаг. Харин “Хэрэгцээт бараа” дэлгүүрийн борлуулж буй хуурамч нүдний шил нь энд тэнд эмх замбараагүй гаргасан цөөн тооны нүхтэй, хэлбэр, хийц маш болхи бөгөөд 30,000 төгрөгөөр борлуулдаг байна.

Судалгаа шинжилгээ хийгдээгүй, баталгаагүй бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд хортойгоос гадна энэхүү хуурамч нүдний шил хараа сайжруулах бус харин ч эсрэгээрээ нүд сохлох хэмжээний аюултай байж болзошгүй хэмээн “Супер Вишн” нүдний шилийг албан ёсоор борлуулагчдын зүгээс тайлбарлаж байна.