У.Хүрэлсүх яг нэг жилийн өмнө МАН-ын 28 Их хурал дээр ялсан намын даргын ажлыг Ерөнхий сайдын албатай хүлээж авсан. Харин ганцхан жилийн дотор намынхантайгаа түнжин хагарч өнөөдөр харсан бүхнээ албан тушаалаас нь огцруулна хэмээн зүтгэж байгаа. Эхний ээлжинд Д.Хаянхярвааг суудлаас нь буулгах санаархалдаа хүрч чадав. Харин дараагийн огцруулахаар хичээж байгаа хүмүүс нь УИХ-ын дарга М.Энхболд болон Хотын  дарга С.Батболд. Тэднийг огцруулахын төлөө Ерөнхий сайд нэг нэгээр нь намнах бодлого баримталж эхний ээлжинд С.Батболдыг огцруулах санал бүхий албан бичиг бичиж НИТХ-д хүргүүлэв.

Нэгэнт Ерөнхий сайдаас санал ирсэн болохоор НИТХ Ерөнхий сайдын албан бичгийн дагуу хуралдана. Өөрөөр хэлбэл 14 хоногт багтаан хуралдаж асуудлыг дахин хэлэлцэх болно гэдгийг НИТХ-ын хурлын дарга С.Амарсайхан өчигдөр мэдэгдсэн. Мөн  НИТХ 2018 он 10-р сарын 31-нд хуралдахдаа Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2017-2018 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн чиглэлийн биелэлтийг “Хангалттай” буюу 80 хувь гэж дүгнэснээ хэлсэн юм. Тэгэхээр  НИТХ нэг асуудлаар хоёр удаа хуралдахдаа өөр шийдвэр гаргах юм бол алдас болох тул Ерөнхий сайдын саналыг хүлээж авахаас татгалзах нь тодорхой.

Нөгөө талаас НИТХ-д Ерөнхий сайдын саналыг хүлээж авахгүй байх шалтгаан бий.  Тэр нь ирэх жилийн нийслэлийн төсөв. Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 8.5.1.аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

8.5.2.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор батлах гэж заасан байдаг.  Хэрвээ Ерөнхий сайдын саналыг хэлэлцээд Хотын даргыг огцруулах юм бол Нийслэлийн ирэх жилийн төсөв хугацаандаа өргөн баригдаж, батлагдах боломжгүй болно. Хэрвээ ирэх жилийн нийслэлийн төсөв хугацаандаа батлагдахгүй бол Монгол улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотод нэг ч ажил хийгдэхгүй зогсонги байдалд орох юм.  Үүнийг дагаж төсвөө батлаагүй гэдэг утгаараа НИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хуулийн зохицуулалттай.  Тиймээс цаг хугацааны хувьд  Хотын даргыг  огцруулах боломжгүй болж байгаа юм.

Уншигч та санаж байгаа бол  Ерөнхий сайд зургаахан сарын өмнө Монгол Улсын Засгийн газраас 2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэн бодитой шинэ бүтээн байгуулалт өрнүүлснийг өндрөөр үнэлэн Улаанбаатар хотод Засгийн газрын батламж гардуулж байсан түүхтэй.

Сайн ажиллаж байна хэмээн магтаж, батламж хүртэл гардуулсан хэрнээ  зургаан сарын дараа гэнэт үзэл бодол, байр  суурь нь өөрчлөгдөж байгаагаас үзэхэд  Ерөнхий сайдын  ПОП зан хөдөлсөн нь илт байна.  Тухайлбал, шатахууны үнээр жагсаал хийж байсан залуус Ерөнхий сайдтай уулзаад шууд л  жадны үзүүр, сэлэмний ир болохоо илэрхийлж байгаагаас харж болно.

Хэрвээ У.Хүрэлсүх энэ эрчээрээ зөрүүдэлсээр байх юм бол нам ч үгүй, суудал ч үгүй үлдэнэ. Үнэн хэрэгтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх нам дотроо тэр дундаа М.Энхболдын фракц, Д.Хаянхярваа нартай дайн зарлаж том алдаа байсан. Намын гишүүдийнхээ дөнгөж 50 хувь, нэмээд УИХ дахь бүлэг, Засгийн газрынхаа 50 хувийн дэмжлэг дээр торон тогтож байгаа Ерөнхий сайдын суудал, түүний танхимын хувь заяа хаашаа ч эргэхээр байна. Уг нь Ерөнхий сайд ХХААХҮ-ийн сайдаа золигт гаргачихаад өөрөө уснаас хуурай гарна гэж маш гэнэн тооцов. Түүнийг огцруулсан нь хариуцлагын нэг хэлбэр мөн боловч сул үлдсэн сайдын суудлыг шинэ залуу, гадаад, дотоодод сургууль төгссөн нэр хүндтэй нэгнээр нөхсөнгүй. Харин ч муу нэр луу данстай нэгнээр нөхөх болсон нь олны дургүйг хүргээд авав.

Ах нам уг нь улс төрийн ууган хүчин гэдэг утгаараа буурь суурьтай байх ёстой байв. Гэтэл нам дотооддоо зодолдож, зодооныг намын дарга У.Хүрэлсүх гардан гүйцэтгэж байх өдрүүдэд Хөдөлмөрийн намын Б.Найдалаа бодлого ярьж байна. Гунигтай нь эрх баригч МАН гомо ярьж байна. Тэднээс улс орныг яаж хөгжүүлэх вэ, иргэдийнхээ амьдралыг яаж өөд нь татах вэ, сая хүрэхгүй өрхийн амьжиргааг хэдэн жилд хэд хуваагаад сайжруулах вэ гэдэг санааг тэд шалан дээр хөсөр хаяв.

У.Хүрэлсүхийн эхлүүлсэн тулаан Д.Хаянхярваа гишүүний зэвүүг нэгэнт хүргэсэн болохоор Засаг унагахаар шийдэлд хүрч байна.  Хангалттай гарын үсэг цуглуулсан гэж байгаагаас үзэхэд Д.Хаянхярваа гишүүн өөрийг нь огцруулсны хариуд  У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах нь тодорхой боллоо. УИХ-ын дарга М.Энхболд хүссэн ч эс хүссэн ч  Д.Хаянхярваа гишүүнд туслах болно.  Засаг огцруулах ажиллагаанд сөрөг хүчин болон МАХН, бие даагч гишүүд оролцож танхимаар нь унагахад “YES” товчлуур дарна.

Тэгэхээр У.Хүрэсүхийн засаг огцрох нь цаг хугацааны л асуудал болж байна.