…Ай хө чи минь

Алагхан зүрхний итгэл байж дээ

Амьдрал, жаргалд минь надтай учирсан

Алдрай насны дуулал байжээ чи…. гээд дуулахаар мэдэхгүй монгол хүн байхгүй. 80-аад онд хит болж ард түмний сэтгэлд хоногшсон Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжим, Яруу найрагч Н.Сүхбатын шүлэг “Намрын дурсамж” дууг наяад оны нийтийн дууны ханхүү МУГЖ, дуучин Н.Төмөрхуяг анх дуулж олонд хүргэсэн.

Төрийн  шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг Монгол хүн бүрийн сэтгэл зүрхийг дуугаар хөглөж,  өөрөө бас хүн болгоны сэтгэл зүрхэнд хөг аялгуу болон  хоногшин үлдсэн эрхэм, уянгын дууны хаан, ойр дотныхондоо төдийгүй дуунд дуртай монголчуудынхаа сэтгэл зүрхэнд Чинжиг нэрээр үүрд дурсагдаж үлдсэн.

Намар аа гэж. Яг л нулимс шиг. Тийм тунгалаг. Аргал түүгээд яваа хэн нэгний ээж шиг. Тийм өрөвдмөөр. Уул шиг эсвэл уйлж суугаа аав шиг. Тийм хайрламаар. Өнгө нь нар шиг болоод үнэр нь хаа нэгтэйгээс ирсэн хэн нэгний санаа алдалт шиг.[…] Ай хөөрхий… Хаврыг учрал хэмээгээд, зуныг дурлал гэвэл, алтанхан намар минь чи яалт ч үгүй хагацал санаашрал нь байх…

Намар намрын тухай дуу сонсох шиг хөнгөхөн гунигтай хэрнээ жаргалтай мөч үгүй. Намрын тухай дуунуудыг намрын улиралд сонсоход намрыг бүр ихээр мэдрэх шиг болж намарт дурладаг гэхэд хилсдэхгүй.

“Намрын дурсамж” дууг МУГЖ, Дуучин Н.Төмөрхуяг ах дуулснаас хойш дуучин  Д.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан нар, Улсын Филармоны гоцлол дуучин С.Баттулга, дуучин Г.Тулга, Ж.Бямбадэлгэр нар,  Emotion хамтлаг  дуулсан байдаг бол хамгийн сүүлд дуучин Б.Октябрь дуулж клипжүүлсэн байна.

Алдарт “Намрын дурсамж” дууг хэн сайн амилуулсныг та бүхэн өөр өөрийн хувьд харьцуулан дүгнэх биз ээ.

“Намрын дурсамж” Хөгжмийн зохиолч Ц.Чинзориг өөрөө дуулж буй

“Намрын дурсамж”  Улсын Филармоны гоцлол дуучин С.Баттулга

“Намрын дурсамж”  “Emotion” хамтлаг

“Намрын дурсамж”   Г.Тулга, Ж.Бямбадэлгэр

“Намрын дурсамж”  Дуучин Б.Октябрь

Бэлтгэсэн Б.Мөнхжаргал