БНХАУ-ын Хөх хотод нэгэн нохой нас барсан эзнээ зам дээр 80 гаруй хоног хүлээж байна. Эзэн эмэгтэй нь өнгөрсөн наймдугаар сарын 21-нд яг тэрхүү зам дээр авто осолд орж амиа алдсан бөгөөд тэр цагаас хойш нохой эзнээ хүлээж байгаа ажээ.

Нутгийн иргэд нохойг өрөвдөн хоол, ус өгч байгаа гэнэ. Энэхүү өр өвтгөм түүхийг өгүүлсэн богино хэмжээний видео бичлэг БНХАУ-ын дотоодын видео сүлжээ “Pear Video”-д тавигдахад 1.4 сая хүн үзжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч мэдээлэгдэж байна.

Сонинд бичсэнээр, орон нутгийн “Blue Hada” хэмээх хүмүүнлэгийн байгууллага нохойны байгаа зам нь хөдөлгөөн ихтэй тул аюулгүй газар шилжүүлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд нохойн эзэн агсны гэр бүлийнхэнтэй энэ асуудлаар ярилцсан гэнэ.

Нас барсан эзнээ галт тэрэгний буудал дээр есөн жил гаруй хүлээсэн Хачико хэмээх нохой өнгөрсөн зууны 20-иод оны үед Японы Акита хотод амьдарч байсан. Энэ түүхээр олон кино хийгдсэн байдаг. Хөх хотын нохойг хэвлэлд дээрх түүхээс эш аван “Хятадын Хачико” хэмээн нэрлэж байгаа юм.